Хууль зүйн байнгын хороо Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-02 09:15:20

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.10.01/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэц 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. ...” гэсний “... томилогдсон ... огцруулах ...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, О.Баасанхүү, Ё.Отгонбаяр, Д.Лүндээжанцан, Л.Болд, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, Ц.Оюунгэрэл нарын гишүүд байр сууриа илэрхийлсэн. Ингээд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь хүлээн авахыг дэмжсэнгүй.

Үүний дараа Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хэсэгчлэн тавьсан хоригийг Улсын Их хурал 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн уг хоригийг хүлээн авсан билээ.

Хоригийг хүлээн авсантай холбогдуулан дээрх хуульд холбогдох өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг 9 дүгээр сарын 15-ны өдөр хуралдсан бөгөөд ажлын хэсгээс бэлтгэсэн төслөөр санал хураалт явуулсан юм. Санал хураалт явуулахаас өмнө хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд Улсын ерөнхий прокурорын орлогч болон Авлигатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Ажлын хэсгээс “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн “Энэ хуулийн 5.1, 9.1-д” гэснийг, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “Энэ хуулийн 5.1, 9.1.3-т” гэснийг “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр” гэж тус тус өөрчилсүгэй” гэж хуульд тусгах саналыг гаргасан бөгөөд санал хураалт явуулахад олонхын дэмжлэг авсангүй. Ингээд нэр бүхий гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 14 саналын томьёоллоор санал хураалт явуулан, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд