Америкийн соёл мэдээллийн төвд технологийн шинэчлэл хийлээ

ОРОН НУТАГТ | УВС
batkhuu@montsame.mn
2022-01-19 22:35:18

Увс /МОНЦАМЭ/.  АНУ-ын ЭСЯ-ны хөрөнгө оруулалтаар Увс аймгийн Төв номын сангийн дэргэдэх Америкийн соёл мэдээллийн төвд өнөөдөр технологийн шинэчлэл хийлээ. Ингэснээр тус төвөөр үйлчлүүлэгчид цахим орчноос хэрэгцээт мэдээ мэдээллээ цаг хугацаа алдахгүйгээр түргэн шуурхай, үнэ төлбөргүйгээр авах боломжтой болсон байна. Энэ талаар тус Төслийг гүйцэтгэгч компанийн технологийн инженер Г.Естболдоос дараах тодруулгыг авлаа.

 “Манайх Улаанбаатар хот болон дөрвөн аймагт Америкийн соёл мэдээллийн төвийг ажиллуулдаг. Сүүлийн хоёр жил цар тахалтай холбоотой эдгээр төвүүдийн үйл ажиллагаа хумигдсан. Иймээс цахим орчныг түлхүү ашиглан ажлаа эрчимжүүлэхийн тулд Увс аймгийн Төв номын сангийн дэргэдэх Америкийн соёл мэдээллийн төвд болон бусад төвүүдэд технологийн шинэчлэл хийж байна.

Хүүхэд, залуучууд хаана оршин сууж буй нь чухал биш, газар зүйн алслагдмал байдлыг арилгая гэсэн зорилго бид тавьсан. Жишээлбэл Улаанбаатар хотод багш хичээл заахад ижил цаг хугацаанд энд байгаа хүүхэд, залуучууд нэгэн зэрэг мэдээлэл авах боломжийг бүрдүүллээ. Бид маш өндөр хурдны Мобикомын интернэтийг сонгосон. Энэхүү өндөр хурдны интернэтийг Увс аймагт одоогоор аймгийн Цагдаагийн газар болон Нэгдсэн эмнэлэг үйл ажиллагаандаа хэрэглэж байгаа гэсэн.

Энэ төвөөр үйлчлүүлэгчид англи хэлээрх ном хэвлэл уншихаас гадна өндөр хурдны интернэт ашиглан суурин болон зөөврийн комьпютер дээр ажиллах боломжтой. Мөн подкаст хийх боломжийг бүрдүүлсэн тоног төхөөрөмж авч ирж өгсөн. Цаашид Анимейшн гэдэг сургалтыг нэвтрүүлэхээр зорьж байгаа. Хяналтын камеруудыг шинэчилж нэгдсэн хяналтад орууллаа. Ингэснээр бусад төвийнхөө үйл ажиллагаанаас суралцах боломж бүрдсэн.

Нийтийн номын санд байрлаж байгаа болохоор нас харгалзахгүйгээр үнэ төлбөргүй үйлчлэх тул Увсынхан та бүхэн тус төвөөр зочлоорой” хэмээн тэрбээр хэлсэн юм.


 

Холбоотой мэдээ