Халдварын оргил үе нь нэгдүгээр сарын 31 байх магадлалтай гэж тооцоолжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-01-19 20:44:35

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвар Сүхбаатар аймгийн бүх суманд тархаж, өдөрт бүртгэгдэх халдварын тоо тогтмол нэмэгдэж байгаа. Мөн тус аймагт халдварын хамгийн оргил үе нь нэгдүгээр сарын 31-ний өдөр байх бөгөөд тухайн өдөр 2000 гаруй тохиолдол бүртгэгдэх магадлалтай гэсэн тооцооллыг ЭМГ-аас гаргажээ.

ЭМБ-аас хийсэн халдварын тархалтын үе шатны үнэлгээгээр Сүхбаатар аймаг өнгөрсөн долоо хоногт улбар шар байсан бол энэ долоо хоногт улаан түвшинд шилжсэн. Дээрх оргил үеийн дүгнэлтийг ч нарийн судалгаа тооцоололд үндэслэн гаргасан гэж аймгийн ЭМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Болормаа хэллээ.

Мөн голомт нь тодорхойгүй халдвар их гарч байгаа учир иргэдийг олон хүн цугласан газар очихгүй байх, худалдаа үйлчилгээний газруудаар явахдаа халдвар хамгааллын дэглэмээ баримтлах, бага насны хүүхэд дагуулж явахгүй байхыг анхаарууллаа. Халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар авсан ч хүндрэх, амиа алдах эрсдэлээс сэргийлэхийн тулд иргэдийг нэмэлт тунгийн вакциндаа хамрагдахыг сануулсан юм.

Одоогоор Сүхбаатар аймаг файзер вакцины 2700, вероселл вакцины 3000 гаруй хүн тунгийн нөөцтэй байгаа аж. 

Холбоотой мэдээ