Сэлэнгэ аймагт халдварын тохиолдол огцом нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-01-19 16:30:20

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар, Алтанбулаг, Мандал, Шаамар сумдад ковид-19 халдварын тохиолдол өдрөөс өдөрт огцом нэмэгдсээр байна. Мөн тус аймгийн хэмжээнд нийтдээ жижиг сум тосгодод ч тохиолдлын тоо тасрахгүй гарсаар байна. Иймээс тохиолдлын тоо өдөр бүр нэмэгдэж байгаа энэ цаг үед хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ баримталж, олон нийтийн харилцаанд оролцох нь хамгаас чухал бөгөөд амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж, гараа тогтмол халдваргүйжүүлэхийг аймгийн ЭМГ-аас онцгойлон анхаарууллаа.

Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд 314 эерэг тохиолдол батлагдлаа.  Үүний 135 нь аймгийн төв Сүхбаатар, 47 нь Мандал сум, 16 нь Түнхэл тосгон, 17 нь Баянгол сум, 10 нь Сайхан, 12 нь Түшиг, 15 нь Хүдэр, 9 нь Шаамар сумдад батлагджээ.

Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 23 тохиолдол эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Гэрээр өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлэгдэж буй иргэдээс 89 тохиолдол эдгэрчээ. Аймгийн хэмжээнд дэлгэсэн гурван эмнэлгийн ковидын 8 тасагт 202 батлагдсан тохиолдол эмчилгээ хяналтад байна. Харин энэ хугацаанд эмнэлэгт нэмж 20 тохиолдол хэвтсэн байна. Гэрийн эмчилгээнд 20 сум, тосгонд 2355 тохиолдол өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлэгдэж, гэрийн эмчилгээнд шинээр 369 тохиолдол нэмэгджээ. Батлагдсан тохиолдлоос жирэмсэн 16, 0-17 насны 18 хүүхэд, хүнд 3, хүндэвтэр 70, хөнгөн 129 тохиолдол эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-ын Тандалтын алба мэдээллээ.

Холбоотой мэдээ