ИТХ-ын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татаж болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-01-18 19:10:03
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажиллах журмын тухай тогтоол баталлаа. 


Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхийн зэрэгцээ чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулахыг дэмжсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдааны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Ганболд танилцуулав. 


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан асуулт асууж хариулт авснаар тогтоолын төслийг батлуулахыг дэмжсэн Байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг батлахыг дэмжлээ. 


Журмын төсөлд дараах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ .


1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журмын төсөлд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн нэгжийн иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах, иргэдийн саналын авах, дүнг мэдээлэх үйл ажиллагаатай холбоотой болон бусад асуудлын талаар;


2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журмын төсөлд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг эгүүлэн татах үндэслэл, эгүүлэн татах асуудлыг санаачлах, эгүүлэн татах санал хураалт зохион байгуулах үйл ажиллагаатай холбоотой болон бусад асуудлын талаар;


3.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журмын төслөөр Зөвлөл нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үйл ажиллагаатай холбоотой болон бусад асуудлыг тусгасан байна.

Холбоотой мэдээ