Б.Энхбаяр: Монгол Улсад 335 мянган иргэн "агаар дээр" тоосго өмчилсөн байна

Монголын мэдээ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-01-18 18:36:58
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн бөгөөд УИХ дахь МАН-ын бүлгээс уг төслөөр тав хоногийн завсарлага авлаа. 


Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцууллаа. Энэхүү хуулийн төслөөр төрийн байгууллагууд нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар газар эзэмшиж, хөрөнгө босгодог шударга бус байдлыг хязгаарлаж, барьж дуусаагүй барилгыг үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэж иргэдийн өмчлөх эрхийг зөрчдөг зохицуулалтыг өөрчилж, нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрын эрхтэй холбоотой зохицуулалтыг шинээр бий болгох ач холбогдолтой юм хэмээн тэрбээр онцолсон. Түүнчлэн Иргэний хууль болон Газрын тухай хуулийг уялдуулах, түүн дотор нийтийн зориулалттай орон сууцтай холбоотой иргэдийн өмчлөх эрх ноцтой зөрчигдөж буй зохицуулалтыг өөрчилж, боловсронгуй болгох зайлшгүй хэрэгцээ шаардлага дээр үндэслэн хуулийн төслийг боловсруулжээ. 


Хуулийн төслийн 1 дүгээр зүйлд нийтийн зориулалттай дундын өмчийн эрхийн тодорхойлолтыг оруулсан бөгөөд Газрын тухай хуулиар өөрийн орны онцлогт тохируулсан нийтийн зориулалттай орон сууцны газрын эрхийг сууц өмчлөгчдөд олгох талаар зохицуулжээ. Ингэснээр газар ашиглах эрхтэй этгээд орон сууц барих эрхийг хязгаарлаж, барилга байгууламж барих эрхийг Газрын тухай хуулиар амилуулах хөрс бий болох ач холбогдолтой юм байна.


Хуулийн төслийн 2 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хуулиар олгогдсон нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрыг дундаа хамтран эзэмших сууц өмчлөгчдийн дундын өмчийн эрхээс ялгаатай болохыг хүлээн зөвшөөрч, газар эзэмших эрхийг нийтийн зориулалттай орон сууцны газартай давхардуулан олгохыг хязгаарлахаар тусгажээ.


Хуулийн төслийн 3 дугаар зүйлд нийтийн зориулалттай дундын өмчийн эрхийг хуульчилж, орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулдаг зохицуулалтыг өөрчлөхөөр тусгасан байна. Түүнчлэн газар эзэмших, ашиглах эрхийн харилцаан дээр үндэслэж өмчлөх эрхийг дуусгавар болгодог зохицуулалтыг халж, иргэдийн өмчлөх эрхийг хамгаалах ач холбогдолтой зохицуулалтыг оруулсан байна. Мөн төрийн байгууллага, албан газар албан хэрэгцээнийхээс бусад зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан нөхцөлд хүсэлтийг Засгийн газар нэгдсэн хуралдаанаараа шийдвэрлэхээр зохицуулжээ. Ингэснээр төрийн байгууллагуудын газар эзэмших харилцаанд нэгдсэн хяналт тавьж, хуулиар хүлээсэн төрийн чиг үүрэгт хамааралгүй ашгийн төлөөх үйл ажиллагаа эрхлэх боломж, нөхцөлийг хязгаарласан зохицуулалт болох юм.

Ийнхүү хуулийн төсөл батлагдсанаар иргэдийн хамгийн үнэ цэнтэй хөрөнгө болох сууцны өмчлөх эрх дуусгавар болох, ноцтой зөрчигдөх боломж хязгаарлагдах ач холбогдолтой. Монгол Улсын Үндсэн хуульд заасан газар өмчлөх эрхийг зөвхөн Монгол Улсын иргэн эдлэх зохицуулалттай уялдуулан нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрыг сууц өмчлөгчид эзэмших боломжтой болно. Ингэснээр өөр этгээд тоглоомын талбайд барилга барих, ногоон байгууламжийг устгах, СӨХ болон бусад иргэн, аж ахуйн нэгжийн газрын маргаантай асуудал цэгцрэх үндэс бий болно хэмээн төсөл санаачлагчид үзжээ. Хуулийн төсөл батлагдсантай холбогдож нэмэлт зардал гарахгүй бөгөөд Газрын тухай хуулийн нийтийн зориулалттай орон сууцны газраас бусад асуудлыг Иргэний хуулийн зохицуулалттай уялдуулах, газрын реформыг үндэс суурьтай хийх анхны алхам болох юм гэлээ.


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Доржханд танилцууллаа. 


Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Амарсайхан, С.Чинзориг, Х.Ганхуяг, Х.Болорчулуун, Г.Тэмүүлэн, Ш.Раднаасэд, Т.Доржханд, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, Н.Алтанхуяг, Ч.Хүрэлбаатар, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нарын гишүүн асуулт асууж, хариулт авлаа. 


Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Амарсайхан хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлж, Шадар сайдаар ахлуулсан Газрын шинэтгэлийн үндэсний хорооны өргөн барихаар төлөвлөж буй газрын багц хуулийн шинэчлэлтэй хуулийн төслийг нэгтгэн хэлэлцүүлэх саналтай байгаагаа илэрхийлээд, ийм боломж байгаа эсэхийг лавлалаа. 


УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, "Хууль санаачлагчид Засгийн газраас төсөлд санал авсан бөгөөд ноднин наймдугаар сард хариу ирүүлсэн. Засгийн газар зарчмын хувьд хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Газрын багц хуулийн асуудал бол 2017 оноос яригдаж байгаа. УИХ-аас баталсан 2024 он хүртэл Монгол Улсын хууль тогтоомжийг боловсонгуй болгох тогтоолын хүрээнд 2021 онд багтаан Газрын багц хуулийг УИХ-д өргөн мэдүүлэх ёстой байсан. Гэвч тогтоол зөрчигдөөд 18 хонож байна. Тус хуулийн төслүүдийг хэзээ өргөн барих эсэх нь тодорхойгүй байгаа" хэмээн хариуллаа. Тэрбээр, Газрын багц хуулийн төслийг Шадар сайдаар ахлуулсан ажлын баг боловсруулж байгааг сайшаагаад, газар олгодог таван яамны бодлогыг зангидан стандартчилж, хуулийн төслийг ойрын хугацаанд өргөн барихыг зөвлөв. 


УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд, газартай холбоотой хуулийн зохицуулалтыг шинээр гаргах зайлшгүй шаардлага байгааг тодотголоо. Тухайн газар дээр барьсан өмч хөрөнгийг тусдаа бүртгэж байгаа нь зарчмын хувьд буруу гэдгийг хэллээ. Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрх дуусгавар болсноор, дээр нь барьсан өмч, хөрөнгөө алдах эрсдэл үүсэж буйг дурдав. Орон сууцнаас гадна аж ахуйн нэгжүүдийн газрын хугацаа дууссан, түүнийгээ сунгуулах гэсэн хүсэлт Газрын албанд олноор овоордог гэдгийг дурдаад, хууль батлагдсанаар энэ асуудал шийдэгдэх эсэхийг асуулаа. 


УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Монгол Улс чөлөөт зах зээлд шилжсэн ч газрын хууль нь үүнийхээ эсрэг 20 жил явж байгааг тодотгов. Тэрбээр, "Монгол Улсад 335 мянган иргэн "агаар дээр" тоосго өмчлөөд авчихсан, газрыг нь эзэмших эрхгүй. Маргааш чи байшингаа аваад яв гэвэл яах вэ. Энэ төрлийн маргаан шүүхэд маш их болоод буйг учирлав. Тухайлбал, гадаад иргэн таван жилээр газар эзэмших эрхтэй тул Монгол Улсад хөрөнгө оруулж барилга барьдаггүй. Мөн газраа өөр банканд, байшингаа өөр банканд барьцаалж зээл авсан иргэний жишээ бий. Тухайн иргэн үүргээ биелүүлээгүй тул хоёр банк барьцаагаа авах гэхэд маргаан үүссэн. Нэг банк нь нөгөө банкандаа байшингаа нураагаад аваад яв гэсэн жишээ ч бий" хэмээв. 


УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Үндсэн хуулийн 6.2, 6.3 болон хуулийн төслийн зарим заалтыг дурдаад, гадаад иргэн орон сууц эзэмшсэн бол нийтийн эдэлбэр газрыг өмчлөх эрх нээгдэж байгааг тодотгов. Мөн дундын өмчлөлтэй орон сууцны газрыг ашиглах хугацаагаар хязгаарлахгүй байхаар заасан байгааг дурдаад, "Гадаад иргэд цөөн хүнтэй орон сууц бариад эзэмшвэл нийтийн эдэлбэрийн газар нь тухайн иргэдийн өмч болоод суух нь. Хариуцлагагүй компанид мөнгөө алдсан хүмүүсийн эрх ашгийг хангахын тулд тусгаар тогтнолоо аюулд оруулж болохгүй" гэж байлаа. 


Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, хуульд зааснаар, өмчлөх, эзэмших, ашиглах гэж гурван ойлголт байгааг дурдаад, хуулийн төсөлд "дундын хэрэгцээнд эзэмшүүлнэ" гэж заасныг тодотгов. Тэрбээр, "Эзэмшил гэдэг нь зөвхөн Монгол Улсын иргэдэд хамаатай асуудал Үндсэн хуулийн 6.2-т зааснаар, гадаад иргэнд газар эзэмшүүлэхгүй, зөвхөн ашиглуулахаар заасан байгаа. Гадаадын иргэнд газар эзэмшүүлнэ гэж ярих нь маш буруу. Эзэмшил гэдэг нэр томьёо нь зөвхөн Монгол Улсын иргэдэд хамаатай. Эзэмших, ашиглах гэсэн ойлголтыг ялгаж салгах хэрэгтэй. Энэ хуулийн 44.11-т зааснаар нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрыг ашиглах эрхийн гэрчилгээгээр ашиглуулахыг хориглоно гэж заасан. Энэ нь гадаад иргэдийн асуудлыг хэлж байгаа юм" хэмээн хариуллаа. 


УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хуулийн төслөөр газрын харилцаатай холбоотой олон жил маргаан болсон асуудлыг шийдэх ч нөгөөтэйгүүр газар өмчлөгч, түүний дээр орон сууц эзэмшигч нарын хооронд маргаан үүсэх эрсдэл байгааг тэмдэглэв. Тиймээс хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээд, хэлэлцүүлгийн шатанд олон талын оролцоо, судалгаатай хэлэлцүүлэг өрнүүлэх шаардлагатайг хэлэв.  


УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, энэ хуулиар гадаад иргэдэд газар өгөх гэж байгаа гэх ноцтой асуудлыг гишүүд хөндөж буйг тодотгоод, ҮАБЗ-ийн ажлын баг гаргаж хуулийн төслөөр тусгай дүгнэлт гаргуулах хүсэлтээ УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн гишүүн Г.Занданшатарт тавилаа. 


Ингээд гишүүд асуулт асууж хариулт авч, байр сууриа илэрхийлсний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хуулийн төслөөр завсарлага авах зарчмын зөрүүтэй санал гаргав. Тэрбээр, "Хуулийн төслөөр гишүүд өөр өөр байр суурьтай байна. Хоёрдугаарт, ҮАБЗ-ийн дүгнэлт гаргуулах шаардлагатайг төсөл санаачлагч хэлж байна" хэмээгээд тав хоногийн завсарлага авах хүсэлтээ илэрхийлэв. 


Энэ асуудлаар нийгэмд буруу ойлголт төрүүлэхгүйн үүднээс УИХ-ын Тамгын газрын Хууль эрхзүйн газраас дүгнэлт, эрх зүйн шинжилгээ гаргах чиглэлийг УИХ-ын дарга Г.Занданшатар өглөө. 

Холбоотой мэдээ