ЕБС, дотуур байр, цэцэрлэгийн нүхэн жорлонг стандарт, шаардлагад нийцүүлж шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-01-17 19:01:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих тухай арга хэмжээний тогтоол батлав.


Тогтоолд дээрх ажлын санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагынх нь хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэхээр тусгасан байна.


Үргэлжлүүлэн хуралдаанаар, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дүгээр тогтоолын 1.5 дахь дэд заалтын хэрэгжилтийг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын багийн тайланг сонсов. Тус ажлын баг Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах хүрээнд ажиллаж байгаа юм.


Ажлын явцын тайланг УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Б.Баярсайхан танилцуулав. Ажлын баг байгуулагдсанаас хойш 10 удаа хуралдаж, ажлын явцтай танилцах, ажлын дэд багт үүрэг, чиглэл өгч ажилласан талаар танилцуулгад тэмдэглэв. Ажлын багийн хуралдаанаар ижил төсөөтэй хэрэгжүүлсэн төслүүдтэй танилцаж, Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирох сайн туршлага болон бэрхшээл, тулгамдаж буй асуудлыг сонсож, алдаагүй хийх шийдэлд хүрч, ариун цэврийн байгууламжийн технологиудтай танилцан, ажлын дэд багаас сонгосон төсөлд тохирох 2-3 технологийн мэдээлэлтэй танилцсан байна. Мөн ажлыг шуурхайлах, төлөвлөсөн хугацаандаа гүйцэтгэх талаар ажлын дэд багт сануулж, үүрэг чиглэл өгөх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр холбогдох байгууллага руу албан тоот илгээж, үүрэг чиглэл өгсөн байна. Албан тоотоор 21 аймгийн Засаг дарга нарт захиалагчийн зүгээс хяналт тавих, ариун цэврийн байгууламжаа чанартай гүйцэтгүүлж, хүлээж авах чиглэл өгч ажилласан талаар ажлын багийн ахлагч танилцуулав. 


Ажлын багийн гишүүд 10 дугаар сард Дундговь аймгийн Дэлгэрхангай, Эрдэнэдалай суманд барьж байгаа ариун цэврийн байгууламжтай очиж танилцсан байна. Тэрбээр, төслийн хэрэгжилтийн талаар танилцуулахдаа …Улсын хэмжээнд 682 сургууль, 972 цэцэрлэг, 535 дотуур байр байгаагаас 330 сумын 350 сургууль, 242 дотуур байр, 220 цэцэрлэг гаднаа нүхэн жорлонтой байна. Төслийн хүрээнд 819 ариун цэврийн байгууламжийг 4 багц /ээлж/ болгон шинэчлэхээр төлөвлөсөн.

I ээлж: 16 аймгийн 54 суманд 195 объект 15 багц /82 сургууль, 49 цэцэрлэг, 64 дотуур байр/ төсөвт өртөг 26,620.0 сая.төг,

II ээлж: 16 аймгийн 49 суманд 173 объект 16 багц /70 сургууль, 44 цэцэрлэг, 59 дотуур байр/ төсөвт өртөг 23,769.0 сая.төг,

III ээлж: 16 аймгийн 180 объект, IV ээлж: 16 аймгийн  170 объектод төсөл хэрэгжүүлнэ. Төсөвт өртөг 50,000.0 сая.төгрөг байна гэв. 


Ажлын багийн ахлагч мөн, цаашид ээлж тус бүрт анхаарах асуудлын зэрэгцээ санал, дүгнэлтээ танилцуулав. Дэд ажлын багийн ажлын гүйцэтгэл хангалтгүй учир нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахад анхаарах, зураг төсвийг яаралтай батлуулж, ажлыг шуурхай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, санхүүжилтийг хууль тогтоомжийн хүрээнд олгох, гүйцэтгэгч компанийг хохиролгүй төсөл хэрэгжүүлэх арга хэмжээ авах, Монгол Улсын Ерөнхий сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад төслийн ажилд анхаарлаа хандуулах, чиглэл, зөвлөмж өгч ажиллах, 2022 онд төлөвлөсөн 816 байгууламжийг 100 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж дуусгах цогц төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг хангах, ариун цэврийн байгууламж барих төслийн ажилд хариуцлага алдсан албан хаагчдад зохих хариуцлага тооцох гэсэн санал, дүгнэлт танилцууллаа. 


Ажлын багийн тайлан, танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ч.Ундрам, Б.Жаргалмаа нарын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн асуултад холбогдох яамдын албан тушаалтнууд хариулт өгөв. Тухайлбал гишүүн Ё.Баатарбилэг 2021 онд төлөвлөсөн ажил удааширсан учир 2022 онд энэ ажлаа бүрэн дуусгах шахуу төлөвлөгөөтэй ажилламаар байна, худалдан авах ажиллагааг эртхэн зарлах шаардлагатай гэж саналаа хэлэхийн зэрэгцээ 2022 онд бүрэн хийж дуусгахад хүндрэл гарах уу, дуусгах боломжтой юу гэдгийг салбарын сайдаас тодрууллаа. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, 2021 онд хариуцлага алдсан, удааширсан гол асуудал нь технологи сонгох гэж хугацаа алдсантай холбоотой. Одоо гэрээ цуцлах асуудал үүсвэл шүүхээр явж хугацаа алдах эрсдэлтэй. Бусад ажил хэвийн үргэлжлэх боломжтой талаар хариулт өглөө.   


Ажлын багийн тайлан, танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар тайланд үндэслэн Байнгын хорооны тогтоолын төсөл батлах асуудлыг хэлэлцэв. Байнгын хорооны тогтоолын төсөлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг Засгийн газарт өгөхийн зэрэгцээ тогтоолын хэрэгжилтийн тайланг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд 2022 оны зургаадугаар сарын 15-ны дотор танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасан байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ санал хэлэв. Ингээд гишүүдийн хэлсэн саналыг тусган, Байнгын хорооны тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томъёоллоор санал хураахад гишүүдийн  69.2 хувийн саналаар дэмжив.

Холбоотой мэдээ