Оюуны өмчийн газраас өнгөрсөн онд 407 бүтээлд патент олгожээ

Монголын мэдээ | НИЙГЭМ
uransolongo49@gmail.com
2022-01-17 17:23:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2021 онд шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 553 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оныхоос 112 буюу 25.4 хувиар нэмэгджээ.


Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 407 бүтээлд патент олгосны 186 нь шинэ бүтээлийнх бол 221 нь бүтээгдэхүүний загварынх байгаа юм. Энэ нь өмнөх оныхоос шинэ бүтээлийн патент 62 буюу 50 хувиар өсөж, харин бүтээгдэхүүний загварын патент 4 буюу 1.8 хувиар буурсан байна.


Өнгөрсөн онд оюуны өмчийн байгууллагад ашигтай загварын гэрчилгээ авахаар 173 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь 2020 оныхоос 49 буюу 22.1 хувиар буурчээ. Мөн иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 107 ашигтай загварт гэрчилгээ олгосон нь өмнөх оныхоос 45.7 хувиар багассан байна.


Шинэ бүтээлд олгосон патент (давхардсан тоогоор)-ыг олон улсын ангиллаар авч үзэхэд

  • 68 нь хүний хэрэгцээг хангах зүйл,
  • 62 нь хими, төмөрлөг,
  • 35 нь технологийн төрөл бүрийн арга,
  • 25 нь механик инженер, гэрэлтүүлэг, халаалт, зэвсэг, тэсрэх бодис,
  • 22 нь барилга, уул уурхай,
  • 18 нь физик,
  • 8 цахилгаан,
  • 4 нь нэхмэлийн ангилалд хамаарч байгаа аж.

Өнгөрсөн онд Монгол Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээд барааны тэмдгийн эрхийн хамгаалалт авахаар 4642 мэдүүлэг гаргасан ба нийт мэдүүлсэн барааны тэмдгийн 1918 нь Мадридын хэлэлцээрийн дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байна. Мөн иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 3308 барааны тэмдэгт эрхийн хамгаалалт олгосон нь өмнөх оныхоос 720 буюу 17.9 хувиар буурч, 1796 барааны тэмдгийг бүртгэхээс татгалзжээ.


Бүтээлээ зохиогчийн эрхээр хамгаалуулахаар иргэн, хуулийн этгээдээс нийт 1114 мэдүүлэг гаргаснаас бүх бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон ба энэ нь 2020 оныхоос 54 буюу 5.1 хувиар олширсон байна.

Холбоотой мэдээ