Баян-Өлгийн багш нар Улаанбаатар хотын сургуулиудад туршлага судлав

ОРОН НУТАГТ | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2022-01-17 11:59:55

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын зургадугаар сургуулийн багш нар энэ сарын 10-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод туршлага судаллаа.

Тухайн сургууль нь Монгол Улсын Ардын багш, математикийн шинжлэх ухааны доктор, профессор, академич Абишийн Мекей агсны нэрэмжит юм. Т.Манкей захиралтай тус сургуулийн 22 багш Улаанбаатар хотод томилолтоор ажиллаж, Олон улсын хөтөлбөрийн сургалттай "Шинэ эхлэл", Хо Ши Миний нэрэмжит Улсын тэргүүний лаборатори 14 дүгээр сургууль болон Эмпати дунд сургуулийн үйл ажиллагаа, дотуур байртай танилцжээ. Мөн “Fast” академид мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан байна.

Сургалтаар тус академи болон Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт зэрэг байгууллагуудын эрдэмтэн багш нар мэдээлэл өгчээ.

"Энэхүү аялалд оролцсон багш, ажилчид маань аймгийн боловсролын салбарын хөгжлийн түвшин, чиг хандлагыг бусадтай харьцуулан тодорхой дүгнэлтэд хүрсэн гэж бодож байна. Бидэнд дэмжлэг үзүүлсэн дээрх байгууллагуудын удирдлагуудад гүн талархал илэрхийлье" гэж Өлгий сумын зургадугаар сургуулийн захирал Т.Манкей хэлэв. 

Холбоотой мэдээ