Эрээнд саатаад байсан ачаа тээврийг Монголын хилээр нэвтрүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-01-12 14:56:52

Дорноговь/МОНЦАМЭ/. “Ковид-19” цар тахлаас үүдэж БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сарын хугацаанд саатаад байсан  ачаа тээврийн үйл ажиллагааг Монголын хилээр нэвтрүүлж эхэллээ.

Цар тахлын нөхцөл үргэлжилж байгаа энэ үед халдвар хамгааллын дэглэмийг баримталж, хоёр улсын хилийн дунд “0” цэг байгуулан цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын ахлагч болон түүнээс ахлах цолтой мэргэжлийн жолооч нарыг зохион байгуулалтад оруулж хоёр улсын хил дундын “0” цэгээс ачаа, бараа тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж. Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Ажлын баг энэ оны нэгдүгээр сарын 11-нд Замын-Үүдэд ажиллаж, хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх, Хилийн боомтын захиргааг удирдлага, зохицуулалтаар хангах зэрэг ажлыг зохицуулж зарим шийдвэрийг гаргасан байна. Экспорт импортын ачаа барааг тасралтгүй явуулах, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах, тогтворжуулах зорилгоор Засгийн газраас тодорхой ажлыг хэрэгжүүлж байгаа юм.

Холбоотой мэдээ