Германд өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2022-01-12 14:35:57

БЕРЛИН. /DW/. ХБНГУ-д коронавирусээр халдварласан нь батлагдсан хүний тоо нэг хоногийн дотор 80 430-аар нэмэгдсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн халдварын хамгийн олон тохиолдол боллоо гэж Роберт Кохын нэрэмжит вирус судлалын хүрээлэн мэдээлжээ.


Өмнөх дээд үзүүлэлт 11 дүгээр сарын 25-нд бүртгэгдэж, 75 961 шинэ тохиолдол илэрсэн байна. Германд цар тахал дэгдсэнээс хойш нийт 7 661 811 хүн коронавирусний халдвар авчээ. Өнгөрсөн хоногт илэрсэн шинэ тохиолдлуудын дийлэнх нь Хамбург /10 539/, Бремен /7899/, Кельн /4454/, Дюссельдорф /4358/ хотуудад бүртгэгдсэн байна.


Коронавирусээр үүсгэгдсэн өвчин нь хүндэрсний улмаас сүүлийн 24 цагт 384 хүн нас барж, нас барсан нийт тохиолдол 114 735 болсон бол 6.2 сая гаруй хүн халдвараас эдгэрчээ.

Холбоотой мэдээ