Ялгаварлан гадуурхах гэмт хэргийн хохирогчид хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдааны анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын багийн санал, дүгнэлтийг тус багийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан танилцуулав. Ажлын баг нийт 7 удаа хуралдаж, хуулийн төслийн үйлчлэх хүрээнд Эрүүгийн хуулийн 14.1 дүгээр зүйлд заасан ялгаварлан гадуурхах гэмт хэргийн хохирогч, мөн хуулийн Арван зургадугаар бүлэгт заасан хүүхдийн эсрэг гэмт хэргийн хохирогчоос гадна шаардлагатай тохиолдолд хүүхэд хамгаалах байгууллага, нийгмийн ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгч хүсэлт гаргах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь зөрчигдсөн захиргааны хэргийн төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцааг төлбөргүй үзүүлэхээр тусгажээ.
Улсын өмгөөлөгчийн эрх зүйн байдал, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах зорилгоор улсын ахлах өмгөөлөгч, улсын өмгөөлөгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шүүгч, прокурорын албан тушаалын цалинтай дүйцүүлэх зарчмыг баримтлан цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг Засгийн газар батлахаар хуулийн төсөлд нэмж тусгасан байна. Улсын өмгөөлөгчөөс бусад өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээг төлбөргүй хүргэх үүргээ дүйцүүлэн биелүүлэх, төлбөрийн хэмжээг улсын өмгөөлөгчийн цалин хөлсний жишгээр тогтоож, орлогыг хууль зүйн туслалцаа үзүүлэхэд зарцуулах заалтыг хассан байна. Хууль хүчин төгөлдөр болох хугацааг энэ оны тавдугаар сарын 1 байхаар тусгажээ.
Байнгын хороо хуульд заасны дагуу төслийг зүйл бүрээр нь хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд Ажлын багаас танилцуулсан саналын томьёоллуудаар санал хураалт явуулан Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Тус хуулийн төслийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байна.