Хангай суманд шүлхий өвчний гурван голомт үүслээ

ОРОН НУТАГТ | Архангай
gereltod@montsame.mn
2022-01-08 18:22:00

Архангай /МОНЦАМЭ/. Хангай сумын Тэрх багт 2022 оны 1-р сарын 3-4-нд Доод Мухар, Цэгийн мухарт малын гоц халдварт шүлхий өвчний 2 голомт үүсэж, нийт 76 үхэр өвчилсөн байна. Мөн өчигдөр орой Бүлээний баруун эхэд сэжигтэй нэг тохиолдол илэрсэн нь өнөөдрийн байдлаар 25 болж, хурдацтайгаар нэмэгдэж, Тэрх багт 3 дахь голомт үүслээ.

Сумын хэмжээнд мал эмнэлгийн эмч, мэргэжилтэн 5 хүн байгаа ба үүнээс 2 мэргэжилтнээ нөөцөд үлдээж, өнөөдрийн байдлаар Тэрх багийн голомтот болон сэжигтэй бүсэд 2 их эмч, 1 зоотехникч вакцин хийх, шүлхий өвчнөөр өвчилсөн малыг эмчилж байна. 

Түүнчлэн эдгээр газруудад хяналтын пост ажиллаж, малчдад мэдээлэл хүргэх, шаардлагатай хүнсний зүйлсийг дамжуулах, зөвлөгөө өгөх, хяналт тавих ажлыг гүйцэтгэж байна.

Улсын хэмжээнд шүлхий өвчний дархлааны вакцины нөөц дууссан ба суманд 10л вакцин хуваарилсан нь зөвхөн 5000 бод малд (эсвэл 10000 бог малд) хийх тун хэмжээ юм. Аймгийн мал эмнэлгийн газрын зөвлөгөөний дагуу арга хэмжээг авч, шүлхий өвчнөөр өвчилж хүндэрсэн малд антибиотик эмчилгээг хийж байгаа ажээ.

Шүлхий өвчин нь малын өвчин ч гэлээ тус өвчний вирус нь хүний хувцас, тээврийн хэрэгслийн эд анги, дугуй зэргээр дамжин тархдаг тул малчид малаа хариулгатай маллан, бие биедээ шаардлага тавьж, зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг сумын ЗДТГ-аас иргэддээ анхааруулж байна.

Холбоотой мэдээ