“Буянт-Ухаа”-г нөөц нисэх буудлаар ашиглах боломж бүрдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Буянт-Ухаа” нисэх буудал нөөц буудлаар ажиллах гэрчилгээ авлаа. Засгийн газрын тогтоолоор тус нисэх буудлыг олон улс болон орон нутгийн нөөц нисэх буудал байхаар шийдвэрлэсэн юм.
Тодруулбал, тус буудлыг ерөнхий зориулалтаар болон нисэхийн сургалтаар, түүнчлэн захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ, мөн онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажилллагаанд ашиглахаар болж, ИНЕГ-ын харьяанд ажиллуулахаар шийдвэрлэсэн юм.
Засгийн газрын дээрх тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд “Буянт-Ухаа” нь ИНД-139 “Аэродромын үйл ажиллагаа, гэрчилгээжүүлэлт” дүрэмд нийцүүлэн гэрчилгээжих шаардлагатай байв. ЗТХ-ийн сайдын 2019 онд шинэчлэн баталсан ИНД-139 “Аэродромын үйл ажиллагаа, гэрчилгээжүүлэлт” дүрмийн дагуу “Буянт-Ухаа” нисэх буудал нь холбогдох бэлтгэл ажлыг хангажээ.
Улмаар Нисэхийн аюулгүй ажиллагааг хянан зохицуулах алба (НААХЗА)-наас тавьсан шаардлагыг хэрэгжүүлсний дүнд хязгаарлагдмал нөхцөлтэйгөөр аэродромын үйл ажиллагаа явуулах эрх буюу “Хязгаарлагдмал аэродромын гэрчилгээ”-г ИНЕГ-аас авлаа. Ингэснээр олон улсын болон орон нутгийн нөөц нисэх буудлаар үйл ажиллагаа явуулах боломжтой болж, Засгийн газрын 455 дугаар тогтоол бүрэн хэрэгжиж эхэллээ.
Засгийн газраас “Буянт-Ухаа” нисэх буудлыг үндсэн
зориулалтаар буюу иргэний нисэхийн чиглэлээр ашиглах, нисэхийн аюулгүй
ажиллагааг хангах зорилгоор
2021 онд тус нисэх буудлын газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан юм.