Японы эрдэмтэд насан туршийн дархлаа үүсгэх вакцин бүтээж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2022-01-03 14:14:28

ТОКИО. /RT/. Токиогийн Анагаах ухааны судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд хүний бие организмыг коронавирусний халдвараас насан туршид нь хамгаалах чадвартай вакцин бүтээж байгаа тухай “The Japan Times” сонин мэдээлжээ.


Тус сонинд мэдээлснээр, профессор Митинори Кохара ахлагчтай эрдэмтэд вакцинаа цэцэг өвчнөөс сэргийлэх тарилгад суурилан бүтээж байгаа аж. Хүн төрөлхтөнд үхлийн аюултай өвчнийг даван туулахад тусалсан энэ вакциныг 18 дугаар зуунд Британийн эрдэмтэн Эдвард Женнер гарган авчээ. Цэцэг өвчний вакцин нь хүнд хор хөнөөлгүй үхрийн арьс товруутах өвчний вирусийг агуулдаг байна.


Японы эрдэмтдийн гол зорилго нь “COVID-19”-ийг үүсгэдэг “SARS-CoV-2” вирусний өргөс уургийг агуулсан цэцэг өвчний вакцины рекомбинант вирус гарган авах юм. Энэ нь коронавирусээс хамгаалах насан туршийн эсийн дархлааг үүсгэнэ гэж тэд үзэж байгаа аж.


Эрдэмтэд шувууны ханиадны генийг кодчилсон цэцэг өвчний вакцины рекомбинант вирусийг хулгана дээр хийсэн туршилтад ашиглажээ. Туршилтын дүнгээс харахад вакцин тариулсан хулгануудад их хэмжээний эсрэг биет 20 гаруй сар буюу хулганы бараг бүх амьдралын туршид хадгалагдаж байсан байна. Үүний зэрэгцээ 20 сарын дараа цэцэг өвчний вирусээр халдварлуулахад вакцин хийлгэсэн бүх хулгана амьд үлдэж чаджээ.


"Би аденовирус, РНХ вакцин гэх зэрэг вакцины янз бүрийн технологи дээр ажиллаж байсан боловч цэцэг өвчний вакцины вирусний векторыг ашигладаг тарилгууд нь хамгийн хүчтэй нь юм" гэж Кохара “Japan Times”-д ярилцлага өгөхдөө хэлжээ. Үүний зэрэгцээ түүний хэлснээр, энэ төрлийн вакцин нь гаж нөлөө багатай бөгөөд тээвэрлэлт, хадгалалтын тусгай горим шаардлагагүй байна.


Японы эм үйлдвэрлэгч “Nobelpharma” компани Кохарагийн вакцины эмнэлзүйн туршилтын эхний болон хоёр дахь үе шатыг 2023 оны эхний хагаст эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Туршилтад 150-200 хүнийг оролцуулах төлөвтэй байгаа бөгөөд тэдний дунд коронавирусний халдвар аваад эдгэрсэн болон вакцин хийлгэсэн хүмүүс багтах аж. Кохарагийн хэлснээр, хэрэв вакцин үр дүнтэй, аюулгүй болох нь батлагдвал эмнэлзүйн туршилтын сүүлчийн үе шатыг шууд эхлүүлэх бол хангалттай санхүүжилт авсан тохиолдолд 2024 он гэхэд зах зээлд нийлүүлэх боломжтой болно.


Холбоотой мэдээ