Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт амьсгалын суурин аппарат олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-12-29 17:21:31

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан хотын 60 жилийн ой энэ онд тохиож байна. Тиймээс ойдоо төсөвлөсөн мөнгийг эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа тоног, төхөөрөмж авч өгөх шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргасан. Уг шийдвэрийн дагуу Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт амьсгалын суурин аппарат авахаар болсон аж. Ковидоос шалтгаалан хил хаасантай холбогдуулан захиалсан амьсгалын таван суурин аппарат багагүй удаж даваа гарагт ирсэн аж. Нийтдээ зохиомол амьсгалын суурин 10 аппарат авч өгөхөөс өнөөдөр тавыг нь аймгийн Засаг дарга Б.Азжаргал хүлээлгэн өглөө.

Ингэснээр аймгийн хэмжээнд зөөврийн 10, суурин 20 амьсгалын аппараттай болж байна. Тус аппарат нь дан ганц ковидоор өвчилсөн иргэдийг эмчлэхээс гадна халдварт, төрөх, хүүхэд, насанд хүрэгчдийн эрчимт эмчилгээнд ашиглагддаг ажээ.

Цаашдаа үлдсэн таван аппаратыг авах эсэх талаар харилцан ярилцаж шийдвэрлэнэ. Эрүүл мэндийн салбарт өөр ямар чухал шаардлагатай тоног төхөөрөмж хэрэгтэй байгааг судалж, үлдсэн төсвийг зарцуулах боломжтой гэдгийг аймгийн Засаг дарга тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх үеэр онцолж байлаа.

 

Холбоотой мэдээ