Чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгсэл ашиглахгүй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-12-28 20:48:56

Баянхонгор /МОНЦАМЭ/. Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах шинэ жилийн баярын үеэр салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг дур мэдэн хэрэглэхгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд зөвшөөрөлгүй газраас пиротехникийн хэрэгслийг худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр хийлгэснээс бэртэж гэмтэх тохиолдол гарч болохыг мэргэжлийн байгууллагаас сануулж байгаа юм.

Тиймээс зөвшөөрөлгүйгээр салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгслийг  худалдаж авахгүй байх, сүлд модоо гэрлэн чимэглэлээр чимэхдээ цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх, цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа цаас, саа, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байхыг сануулж байна. Мөн оргилуурт гэрэл, тэсрэх бодисыг орон байр, сүлд модныхоо ойролцоо хэрэглэхгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд сүлд модыг дүрмийн дагуу угсарч ашиглах, тухайн объектын харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав.

Холбоотой мэдээ