Б.Алтанчулуун: Өрх бүрд шилэн кабелиар интернэтийн үйлчилгээг хүргэхийг зорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-12-27 17:43:58

Увс /МОНЦАМЭ/. Гэр хорооллын айл өрхүүдийг интернэтээр хангах ажлыг үе шаттай хийж эхэлсэнтэй холбогдуулан аймгийн Холбооны газрын захирал Б.Алтанчулуунтай ярилцлаа. 

-Цахим зууны хөгжлийн талаарх өөрийн санал бодлоо хуваалцахгүй юу?

-Өнөөдөр цар тахлаас шалтгаалан уламжлалт бизнес эрхлэгчид хаалгаа бариад байна. Харин эсрэгээрээ онлайн, платформ бизнес, контент үйлдвэрлэл хүчээ авч бодит өсөлтийг үзүүлж байна. Үүнийг залуучууд маш ихээр сонирхон дэлхийн хэмжээний том платформ дээр суурилсан хөрөнгийн биржүүдэд хөрөнгө оруулалт хийж ажиллах боллоо. Mэдлэг бол боломж олох түлхүүр юм. Оюун ухаанаа ашиглан ажиллаж, амьдрах цаг үе ирсэн гэдгийг бид мэдэрч байна. Дэлхий нийтэд аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал явагдаж, ирээдүйд интернэт ус, агаар мэт хэрэгтэй болохоос гадна хүмүүс дэлхийн хаанаас ч нэг цаг хугацаанд холбогдож, харилцах боломж бүрдэнэ.

-Иргэд хүссэн үйлчилгээгээ хялбар аргаар авах боломж нь тэлж байна?

-Компаниуд дэлхийн хаанаас ч хөрөнгө босгоод хүний нөөцөө бүрдүүлээд ажилладаг боллоо. Товчхон хэлэхэд нэг цэг дээр төвлөрөх шаардлагагүй болсон. Банкны үйлчилгээ болон бүхий л төрийн үйлчилгээг иргэд гэрээсээ авах боломжтой болсон. Мөн гэрээсээ худалдан авалт хийх, дэлхийн томоохон худалдааны сайтуудаас хүссэн бараагаа захиалан авах, дэлгүүр хэсэх гээд хэрэгцээт үйлчилгээг интернэт ашиглан авч байна. Цаашид бэлэн мөнгө, захын наймаа хэрэгцээгүй болох нь гэж харж байна. Дээр хэлсэнчлэн дэлхийн томоохон платформууд, блокчейн технологид суурилсан байдаг тул хүн алдаатай үйлдэл хийхэд тэр чигээрээ өнгөрнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл хөрөнгийн биржээс худалдаа хийх үед интернэт гацах, буруу товчлуур дарсан тохиолдолд залруулах боломжгүй болно гэсэн үг. Блокчейн технологи нь хиймэл оюун ухаан дээр суурилсан хүний оролцоогүй явагдаж байдаг тул аль болох бүх үйлчилгээг найдвартай интернэт ашиглан суурин компьютер дээрээс хийх хэрэгтэй. Гар утас ашигласнаас болоод мөнгөө алдах тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

-Иргэдийн интернэтийн хэрэглээг дагаад технологийн шинэчлэл хэр хийгдэж байна вэ?

-Монгол улс цахим яамтай болж байгаа нь иргэдийг цахим хэрэглээнд сургах, төрийн үйлчилгээг цахим болгоход чиглэж буй нэг илрэл юм. Иймд иргэд ч энэ өөрчлөлтөд өөрсдөө болон үр хүүхдээ бэлдэх хэрэгтэй. Боломжийн амьдралтай айлын хүүхдүүдэд бол интернэт асуудал биш, манайхаас интернэт аваад байнгын WIFI орчныг гэртээ бий болгож байна. Харин гэр хорооллын хүүхдүүд датад маш их мөнгө зарцуулдаг хэрнээ хүссэн хэмжээнд интернэтийг ашиглаж чаддаггүй. Зарим нь интернэт орж чадахгүйгээсээ болоод онлайн хичээлээсээ хоцорч байна.

Өнөөдөр интернэтийн хурдны алдагдал багатай технологи шилэн кабелиас өөр алга. Иймээс манай хамт олон гэр хорооллын өрх бүрт шилэн кабелиар интернэтийн үйлчилгээг хүргэхийг зорьж байна. Энэ хүрээнд Улаангом сумын 7-р багийн Залуучууд, Залгамжлагч хороо руу шилэн кабель татаж оруулсан. Миком интернэтийг авснаар телефон утас, кабелийн телевиз зэргийг авах бүрэн боломжтой болно. Өөрөөр хэлбэл гурвалсан үйлчилгээг ч манайхаас авах боломжтой. Мөн гурван үйлчилгээг тус тусад нь салгаж авсан ч болох юм.

-Гэр хороолол руу интернэт татах хөрөнгө мөнгөний асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Гэр хороололд интернэтийн үйлчилгээг нэвтрүүлэх нь маш их хөдөлмөр, хөрөнгө мөнгө шаардсан ажил тул бүх гэр хороолол руу нэг дор оруулж чадахгүй. Иймд жил тутамд бага багаар ажлаа ахиулах төлөвлөгөөтэй байна. Энэ ажлыг хийхэд шаардагдах хөрөнгийг шийдэх тал дээр УИХ-ын гишүүд, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, бүх шатны Засаг дарга нартай хамтарч ажиллахыг энэ ташрамд уриалах байна. Ингэхдээ олон хүүхэдтэй, амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхүүдийг интернэтээр хангахад анхаарлаа хандуулаач гэж хэлмээр байна. Зөвхөн аймгийн төв төдийгүй, бүх сумын гэр хорооллын хэрэглэгчид хамаарна. Цаашид амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхөд хүнсний талон тараадаг байсан бол одоо интернэтийн талон тараадаг болмоор байна. Талоноо интернэт авч байгаа компанидаа өгнө, компани нь найдвартай интернэтээр хангаад үйлчилгээний төлбөрөө төрөөс авах гэх мэт. Энэ саналаа шинэ яаманд тавина гэж төлөвлөж байгаа.

-Танай үйлчилгээний давуу тал юу вэ?

-Хүүхдээ онлайн хичээл үзүүлэхийн тулд эцэг эхчүүд датад мөнгө их зарж байна. Өөрөөр хэлбэл өрх гэрт хэдэн хүн гар утас ашиглаж байна, тэр хэмжээгээр мөнгө зарлагадаж байна. Манай Холбооны газрын интернэт бол хэдэн хүн зэрэг интернэт орохоос үл хамааран сард тогтмол 24200 төгрөг төлөөд л хангалттай үйлчилгээгээ авах боломжтой. Банкуудын апплекейшн ашиглан Монгол орны хаанаас ч хэрэгтэй мөнгөө зээлдээд авч болж байна. Зээлийн ТҮЦ машинууд хүртэл ажиллаж, UBCab апплекейшн ашиглаад гэрээсээ тахси дуудаад сууж байна. Энэ бүхэнд интернэт л хэрэгтэй. Мөн англи хэлтэй залуучууд интернэтээр санхүүгээ нэмэгдүүлэх боломжууд дүүрэн бий. Бүр ядахдаа реклам, youtube үзэх, тоглоом тоглоод интернэтээр мөнгө олж байна.

   Тоон гарын үсгийн тухай хууль батлагдахаар хүн бүхэн тоон гарын үсгээр гэрээсээ гарахгүйгээр зээл авах, гадаад дотоод паспорт захиалах, жолооны үнэмлэх авах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, газрын гэрчилгээ авах гээд төрийн бүх үйлчилгээг онлайнаар авах боломжтой. Он гараад тоон гарын үсэг олгох ажлыг манай байгууллага хийхээр болж байна. Бид бүртгэж тоон гарын үсгийг албан байгууллага, хувь иргэдэд олгож эхэлнэ. Такси дуудлагын UBCab компанийн дуудлагын тахсийг бүртгэж апплекейшн суулгаж өгөх ажлыг мөн гүйцэтгэхээр гэрээ хийлээ.

-Сүүлчийн мөчийг танд үлдээе?

-Манай компани нь мэргэжлийн инженер, техникийн ажилтнуудтай, засвар үйлчилгээндээ байнга анхаарч, тасралтгүй 24 цагийн турш дуудлагаар иргэдэд үйлчилж байгаа. Иргэд та бүхэн манай байгууллагаар өргөнөөр үйлчлүүлээрэй гэж уриалах байна. Бид та бүхний итгэлтэй түнш байх болно. Шинэ жилийн мэндийг нийт Увсчууддаа хүргэе.

-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ