Т.Маргад: Монголдоо сайн дурын ажил хөгжүүлж, хүүхдийн төлөө сайн үйл хийхийг хүсдэг

Монголын мэдээ | НИЙГЭМ
uransolongo49@gmail.com
2021-12-30 14:16:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Калифорни мужийн Редондо эрэгт 33 дахь жилдээ буюу өнгөрсөн сарын 20-нд болсон, АНУ-ын "Азийн Мисс" тэмцээний Өсвөр насны ангилалд дэд миссээр шалгарсан Төргэрэлтийн Маргадтай ярилцлаа. 


Ярилцлагын эхэнд тэрээр “Миний өвөө Жадамба, эмээ Тунгалаг хоёр МОНЦАМЭ агентлагт насаараа ажилласан. Тиймээс МОНЦАМЭ агентлагаас тэмцээний талаар ярилцах урилга авсандаа баяртай байна” гэсэн дотносуу өнгөөр бидний яриа эхэллээ. Тэрээр АНУ-д анх гуравдугаар ангидаа очсон бөгөөд одоо Алисо-Нигель ахлах сургуулийн 12-р ангид сурдаг ба Лос Анжелест гэр бүлийн хамт амьдардаг байна.


ав л энэ жил гурван Монгол бүсгүй оролцжээ. Өмнө нь энэ тэмцээнд Монголчуудаас оролцож байсан уу?

-АНУ-ын Калифорни мужийн Редондо эрэгт 33 дахь жилдээ зохион байгуулагдсан АНУ-ын Азийн Миссийн тэмцээний Өсвөр насны ангилалд би дэд миссээр шалгарлаа. Уг тэмцээнд 30 гаруй орны 50 орчим Ази гаралтай миссүүд оролцож, гоо сайхан, ур чадвараараа өрсөлдсөн. Өмнөх жилүүдэд Монголоос ганц нэгээрээ орж байсан гэж сонссон. Монголоос жүжигчин Баярмаа орж байсан. Энэ жил манай улсаас арай олуулаа буюу 3 бүсгүй оролцсон. Надаас гадна Ж.Бадамхатан болон П.Шүүдэрцэцэг нар Мисс ангилалд нь өрсөлдсөн. Манай миссүүд энэ жил үнэхээр хүчтэй өрсөлдөгч байсан гэж олон үзэгч тэмцээний дараа хэлж байсан. Лос Анжелест амьдардаг монголчуудаас маань бас ирж дэмжсэн болохоор их сайхан байв.


-Тэмцээнд хэрхэн бэлдэж оролцов?

-Анх Азийн модель агентлагийн Содтуяа багш маань энэ тэмцээнд оролцохыг санал болгосон. Тэгээд тэмцээнд оролцохоор 3 сарын турш 7 хоногт нэг удаа 8 цагаар бэлтгэл хийсэн. Манайхаас хурдны замаар, нэг талдаа цаг гаруй явж бэлтгэлийнхээ газарт очдог байсан. Бэлтгэлийн үеэр тэмцээндээ бэлдэж, тайзны алхаа, бүжиг зэргээ давтах, сэтгүүлийн зураг авалтууд болохоос гадна өөртөө итгэлтэй байх зэрэг хувь хүний талаас хөгжүүлэх лайф-коуч нар лекц уншдаг юм билээ. Түүнчлэн оролцож буй хүн бүр эх орноо сурталчлах ажил хийсэн, үндэсний хоолоо хийж дайлах гэх зэргээр. Энэ бэлтгэл явагдсаны дараа хүн бүр маш их өөрчлөгдсөнийг би анзаарсан. Байнга нуруу цэх явах, нүүрээ аятайхан будах, зөв алхах гишгэх зэргээр дандаа миссүүдийн дунд хичээллэсээр биеэ маш сайхан авч явдаг болсон байсан.


-Гол шалгуур юу байсан бэ, өөртөө ямар зорилго тавьж орсон бэ?

-Үндэсний хувцас, гоёлын даашинз, усны хувцастай үзүүлбэр болон авьяас гэсэн шалгууруудтай байсан. Би youtubees Монгол бүсгүй хэмээх монгол үндэсний бүжиг сураад бүжиглэсэн. Тэнд Маргад гэж миний нэрийг дуудахаас илүүтэй "Мисс Teen Монгол" гэж дууддаг байсан болохоор өөрийн эрхгүй илүү их хичээх хэрэгтэй болсон. Одоо ч гэсэн би яг ойр найзалсан бүсгүйчүүдийн нэрийг л мэдэхээс биш, бусад миссийг тухайн улсаар нь дууддаг.


-Эх орныхоо нэрээр дуудуулан олон орны миссүүдтэй нэг тайзан дээр алхаж, ур чадвараараа өрсөлдөхөд ямар мэдрэмж төрсөн бэ. Хамгийн гол өрсөлдөгч чинь хэн байв?

-Миний ангилалд тайзан дээр Филиппин болон Вьетнам улсын миссүүд гол өрсөлдөгчид маань байсан. Цаагуураа хүчтэй өрсөлдөж байгаа ч хүнтэй нөхөрсөг харилцах чадварт суралцсан. Ер нь, тэр тэмцээнд оролцож байгаа бүх хүн биеэ маш гоё авч явж байсан. Гэхдээ бүгд цаагуураа ширүүн өрсөлдөж байгаа нь олон зүйл дээр харагдаж байсан л даа.


-Тэмцээний дурсамжтай, сэтгэлд хоногшсон мөчүүдээсээ хуваалцаач?

-Тэмцээний оролцогчид Холливууд фэйшн шоунд оролцсон. Би тэр үеэр April Diamond хэмээх мундаг дизайнерын коллекшноос өмсөж загвар үзүүлэх боломж гарсанд маш их баяртай байгаа. Тэр коллекшинд маш их хөдөлмөр орсон, чамин хийцтэй, дундад зууны Европ стилийн даашинзууд байсан.


-Цаашид хийхээр төлөвлөж байгаа ажил, оролцохоор хүлээж байгаа энэ төрлийн тэмцээн уралдаан бий юу?

-Яг одоогоор, ийм төрлийн буюу гоо сайхны тэмцээнд орохоор төлөвлөөгүй. Ойрын хугацаанд бол ахлах сургуулиа амжилттай төгсөж, коллежид элсэн орох зорилготой байгаа. Одоо коллежуудын элсэлтийн өргөдлөө өгөх хугацаа болж байгаа. Бүх 12-р ангийн хүүхдүүдийн хамгийн завгүй байдаг сар юм л даа.

Хүмүүс Зул сарын баяраа тэмдэглээд явж байхад хоолоо гялс идээд л өрөө рүүгээ орж эссэгээ бичих хэрэгтэй болсон. Цаашид компьютер, программ хангамжийн чиглэлээр боловсрол эзэмшихийг хүсдэг. Гэхдээ мэдээж хэрэг Лос Анжелест Холливуудын хажууд амьдарч байгаа болохоор жүжигчин, загварын чиглэлээр давхар ажиллахыг бодож байна.


-Энэ тэмцээнээс сурсан зүйл?

-Миний бодлоор эмэгтэй хүн гадаад гоо сайхнаас гадна дотоод гоо сайхантай, өндөр мэдлэг боловсролтой байхыг эрмэлзвэл орчин үед жинхэнэ гоо сайхантай, хүчтэй болно гэж боддог.

Энэ тэмцээнд орсноор би маш их зүйл сурсан. Өмнө нь би нүүрээ огт буддаггүй байсан бол, нүүр будалт нь эмэгтэй хүнд өөрийгөө илэрхийлэх хүчтэй зэвсэг гэж ойлгосон. Маш гоё бүсгүйчүүдийг ойроос харж биеэ сайхан авч явах байдалд суралцсан. Бас эмэгтэй хүн гоё сайхан байхын төлөө хөдөлмөрлөх хэрэгтэйг, хамгийн гол нь өөртөө итгэлтэй болсон зэрэг их нөлөө үзүүлсэн. Түүнчлэн олон орны өөр өөр соёлтой хүмүүстэй харилцаж, найзалж үзсэнээр харилцааны соёлд ч мөн суралцсан.


-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?

-Би далайн эрэгт амьдардаг болохоор surfing хийх, элсэн дээр сууж гэрийн даалгавраа хийх дуртай. Далайн эрэгт нар жаргах хамгийн гоё байдаг. Түүнчлэн газрын теннис тоглох, мөсөн гулгалтаар хичээллэдэг..


-Мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?

-Коллежид сурч, хүссэн мэргэжлээ эзэмшсэнийхээ дараа Монгол эх орондоо очиж өөрийн хувь нэмрийг оруулахыг хүсдэг. Түүнчлэн, Америкт сайн дурын ажил их хөгжсөн байдаг. Тийм болохоор би Монголдоо бас сайн дурын ажлыг хөгжүүлэх, энэ чиглэлийн төрийн бус байгууллага байгуулж ажиллахыг мөрөөддөг. Өөрийн хэл ус, сүлжээг ашиглан олон улсын сайн дурын байгууллагуудтай хамтарсан байгууллага үүсгэн санаачилж, хүүхдийн төлөө сайн үйл хийхийг хүсдэг. Энд байдаг олон сайхан зүйлийг хараад Монголдоо хийх юмсан гэж байнга бодогддог.

Ташрамд, тэмцээнд ороход тусалж дэмжсэн гэр бүлийнхэн, "Азийн Модель" агентлагийн Содтуяа багш, үндэсний тансаг дээл урлаж өгсөн Шаки загварын урлангийн дизайнер Б.Сайнхүү, Г.Үүрцайх нар, гоёмсог үдшийн даашинз урлаж өгсөн алдарт Парсонс дизайнерын сургуулийн төгсөгч дизайнер М.Баяраа эгч болон дэмжсэн бусад бүх хүнд маш их баярласнаа уламжилъя.

Цаашид Америкт зохиогдох бусад тэмцээн уралдаанд өөрийгөө сорихыг хүссэн монгол охидод тусалж, өөрийнхөө туршлагаас хуваалцахад бэлэн гэдгээ хэлмээр байна.












Холбоотой мэдээ