Геодези, зураг зүйн салбарын 90 жилийн ой тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотыг зурагжуулахаар анх манай улсад 1930 онд агаараас газрын зураг авч байжээ. Энэ үеэс Монгол улсад Геодези, зураг зүйн салбар үүсэж хөгжсөн түүхтэй. Тодруулбал, Монгол Улсад Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90, эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байна.
Ойд
зориулсан үйл ажиллагаа болж, салбарын түүхийг харуулсан үзэсгэлэн гарав. Мөн
ойн зочид төлөөлөгч нарт “Геодези,
зураг зүй-90” жил баримтат киног үзүүллээ. Салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ажилчид, ахмадуудад төрийн дээд
одон медаль гардууллаа.
Монгол Улсад Геодези, зураг зүйн салбар үүсэж хөгжсөн түүх нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат барилгачин Б.Рагчаатай салшгүй холбоотойг өнөөдөр дурсан тэмдэглэж байна.
Б.Рагчаа нь 1970 оноос эхлэн 1990 он хүртэл Улсын геодези, зураг зүйн газрын даргаар 20 жил ажиллаж нийт 765 инженер, техникийн ажилтантай болтол нь хөгжүүлж Геодези, зураг зүйн салбарын бат бөх суурийг тавьжээ. Геодезийн мэргэжилтнүүд 1300 метрийн гүн дэх Оюу толгойн ордын барилгын болон уурхайн геодезийн ажилд хүчин зүтгэж байна. Өнгөрсөн хугацаанд 500 орчим газрын зураг, атлас хэрэглэгчдийн гарт очжээ.
Эдгээр бүтээлээс онцлох нь Монгол Улсын үндэсний атлас юм. Монгол Улс нийгэм, эдийн засгийн шинэ нөхцөлд байдалд шилжсэнээр геодези, зураг зүйн ажлыг тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн компаниуд гүйцэтгэх болсноор төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дүнд дэлхий нийтээр хэрэгжиж буй шинэ технологийг амжилттай нэвтрүүлж байна.