Өрхийн орлогыг хосолсон аргаар тодорхойлно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өрхийн орлогыг тодорхойлох
орлуулан тооцох аргачлалыг шинэчлэх талаар
ХНХЯ, ҮСХ-ноос байгуулсан ажлын хэсэг хэлэлцлээ. Орлогыг орлуулан тооцох
аргачлалыг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдийг ХНХ-ын сайд, ҮСХ-ны даргын хамтарсан тушаалаар байгуулан ажиллажээ.
Орлуулан тооцох аргачлалыг шинэчлэхдээ иргэдийн төрд байгаа мэдээлэлд үндэслэн өрх иргэний мэдээллийг хосолмол байдлаар шууд тодорхойлох боломжийг зорилго болгож буйг хэлэлцлээ. Ажлын хэсэг нь өнгөрсөн хугацаанд Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал, Улсын бүртгэлийн газар зэрэг төрийн байгууллагуудаас өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд хамарсан иргэдийн мэдээллийг тулган нэгтгэж, дата мэдээлэл бэлтгэж хосолмол аргачлалын загварын төслийн боловсруулалтыг хийн ажиллажээ. Энэ удаагийн хэлэлцүүлэгт ХНХЯ, ҮСХ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын удирдлагын төлөөллүүд болон ажлын хэсгийн гишүүд оролцож санал солилцов.
Хэлэлцүүлэгт ҮСХ-ны статистикч С.Болормаа “Орлогыг орлуулан тооцох шинэ хосолмол аргачлалд ашиглаж буй тооцоолол, коэффицентийн” талаар, ХНХЯ-ны ахлах мэргэжилтэн А.Алтангэрэл “Орлогыг орлуулан тооцох аргачлалыг шинэчлэх хэрэгцээ шаардлагын” талаар илтгэл тавилаа. Орлогыг орлуулан тооцох аргачлалыг шинэчлэхтэй холбоотой санал, зөвлөмжийг ажлын хэсгийн гишүүд “Хосолмол аргачлал”-ын загварт тусган өөрийн орны нөхцөлд тохиромжтой зорилтот иргэдийн амьжиргааг шууд тодорхойлох “Хосолмол аргачлал”-ыг боловсруулан дараагийн хурлаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.