Сумдын дэд бүтцийг хөгжүүлэх төслийн уулзалт Борнуураас эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-12-23 17:21:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас "Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хөгжил" төслийг хэрэгжүүлэхээр болсон. БХБЯ тус төслийн талаар иргэдээс санал авах уулзалтыг  Төв аймгийн Борнуур сумаас эхлүүллээ.

Уулзалтад БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо болон яамны холбогдох газрын дарга нар, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Газрын харилцаа, барилгын холбогдох байгууллагын төлөөлөл оролцож байна. Төслийг хэрэгжүүлэхэд тухайн суманд амьдарч байгаа иргэд, ашиглалтыг нь авч явах орон нутгийн удирдлагуудын оролцоо, санал чухал учир иргэдтэй уулзаж, төслийн талаар танилцуулж, санал бодлыг нь сонсож байна. 




"Сумын хөгжил: Инженерийн дэд бүтэц төсөл"-ийг 18 аймгийн 59 суманд хэрэгжүүлнэ.




“Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төслийг Засгийн газрын энэ оны 6 дугаар сарын 1-ний хуралдаанаар батлан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Энэхүү төсөл, үйл ажиллагаа нь үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг орон нутагт бий болгох, ялангуяа инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийг шинэчлэх, шинээр барих, сумын иргэдэд нийтийн аж ахуйн үйлчилгээг иж бүрнээр хүргэх, тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл ахуйн шаардлагыг хангах, төвлөрлийг сааруулах зорилготой юм.





Холбоотой мэдээ