Чанаргүй шатахууныг баруун бүсийн хилээр оруулж байна гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Шатахуун
хэрэглэгчдийн холбооноос шатахууны чанар, стандартын талаар мэдээллээ. ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлдэг, манай улсын нефть бүтээгдэхүүн, шатахууны
хэрэглээний нийт 90 гаруй хувийг төмөр замаар тээвэрлэдэг. Үүнийг төрийн болон төрийн бус, мэргэжлийн байгууллагын шинжээчид шинжилж хянадаг.
Тэгвэл чанаргүй буюу гарал үүсэл нь тодорхой бус шатахууныг баруун бүсийн хилээр, тодруулбал, Баян-Өлгий, Ховд аймаг дахь хилийн боомтоор оруулж ирж буйд анхаарч, тогтмол хянаж шинжилж байх хэрэгтэйг мэдэгдлээ. Сүүлийн үед шатахууны үнэ нэмэгдсэн, мөн чөлөөлсөнтэй холбоотойгоор чанаргүй шатахуун нийлүүлэлт ихсэж байна гэсний дагуу тус холбооноос судалгаа хийжээ.
Шатахуунд хольж нэрж чанаргүй, хуурамч бүтээгдэхүүн бий болгодог гэх керосин, нафтаг хилээр оруулж ирэх тоо хэмжээ энэ онд 30-40 дахин багассан. Тодруулбал, керосин 3300 тонн импортолсон бол нафта бүтээгдэхүүнийн хувьд нэг ч кг, нэг тонн ч улсын хилээр орж ирээгүй, нэвтрээгүй талаар гаалийн байгууллагын мэдээллийг иш татав. Нефтийн дагалдах дээрх хоёр бүтээгдэхүүнийг 2020 оноос эхлэн татвартай болгосон. Зориулалтаар нь хэрэглэх үүднээс 7 компанид импортын зөвшөөрөл өгчээ.
Хэвлэлийн бага хуралд Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо болон Хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭ-ийн хорооны
төлөөлөл оролцов. Эцэст нь тэд шатахууны нийлүүлэлт, тээвэр,
түгээлтэд хийж буй хяналт шалгалтад ТББ-уудын төлөөллийг хөндлөнгөөс оролцуулах
санал тавьж байлаа.