НҮБ-ын Хүүхдийн сан: Сэтгэцийн өөрчлөлтөд орж буй хүүхдүүдийг анхаарч ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сан Монгол
Улсын Засгийн газартай хамтран энэ онд хүүхэд хамгааллын чиглэлээр 24.7 сая
ам.долларын төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ. Тухайлбал, цар тахлын нөхцөлд хүүхдийн
сэтгэцийн эрүүл мэндийг анхаарч энэ тал дээр зөвлөх үйлчилгээгээр дэмжин
ажиллажээ.
Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн сан манай улсын Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төв хамтран өсвөр насны хүүхдийн сэтгэцийн байдал, эрүүл мэндийг судалжээ. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 60 хувь сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэггүй, 31 хувь нь зан үйлийн тулгамдсан байдалтай, 9 хувь нь сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй гэж гарчээ. Энэ талаар НҮБ-ын Хүүхдийн сан Монгол Улсын Засгийн газартай өнгөрч буй онд хүүхэд хамгааллын талаар хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааны дүнг танилцуулах үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч, ноён Эваристе Коуасси Комланаас тодруулсан юм.
Сэтгэцийн өөрчлөлтөд орж буй хүүхэд, ийм хүүхэдтэй гэр бүлд харилцаа зөв эрүүл, эерэг байхыг чухалчилж, ийм харилцааны ур чадварт суралцах шаардлагатай байна. Ирэх онд манай улс хүүхэд хамгааллын үйлчилгээнй зардалд 8 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Тэрээр хэлэхдээ, “Дэлхий
нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын жилүүдэд гэртээ, гэрийн хорионд байсан
хүүхдүүд сэтгэцийн өөрчлөлттэй болж байна. Энэ бэрхшээл нь дэлхийн бүх улс
оронд гарч, тулгамдсан зүйл болж буй”-г онцолж байлаа. Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сангаас
хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээг хүүхдүүдэд, эмзэг гэр бүлд ойртуулах,
шаардлагатай үедээ зөвлөгөө авч болдог гэдгийг ойлгуулах тал дээр анхаарч
байна. Цаашид Монгол Улсын Засгийн газартай хүүхэд хамгааллын бодлого,
үйлчилгээг илүү үр дүнд хүргэхийн тулд хамтарч ажиллахаа тэрээр илэрхийлсэн юм.
НҮБ-ын Хүүхдийн сан ирэх онд эмзэг бүлгийн хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах, эрүүл мэнд, хамгааллын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах талаар Монгол Улсын Засгийн газрыг үргэлжлүүлэн дэмжин ажиллана гэдгээ мэдэгдэж байна.