Гурван аймгийг дамжин мал хулгайлсан бүлэг этгээдүүдийг баривчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-12-20 19:18:05

Завхан/МОНЦАМЭ/. Гурван аймгийн нутаг дэвсгэр дамжин мал хулгайлах гэмт үйлдсэн бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна гэж Завхан аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.

"Мал мах-2021" нэгдсэн арга хэмжээг аймгийн хэмжээнд сарын хугацаанд зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг хийхээс гадна хяналт шалгалтын ажлыг хийж байна. Мөн арга хэмжээний хүрээнд тус цагдаагийн газраас Завхан, Хөвсгөл, Увс аймгийн нутаг дэвсгэрийг дамжин иргэдийн 34 тооны адууг хулгайлж борлуулсан бүлэг иргэдийг илрүүлээд байна. Дээрх тооны адууг Хөвсгөл аймгийн харьяат Ц, Д нар нь Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат А, Б, А болон Увс аймгийн харьяат Б, И нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан. Хулгайлсан адуугаа Увс, Баян-Өлгий аймагт худалдан борлуулж иргэнд 50 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Иймээс иргэд, малчдыг өөрийн малаа байнгын хариулга маллагаатай байлгахыг анхааруулж байна гэв.


Өвлийн идэшний цагаар бод малын хулгай ихэсдэг

Завхан аймгийн Алдархаан сумын нутаг дэвсгэрээс бусдын олон тооны бод малыг бүлэглэн хулгайлдаг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.

Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор сумдад мал мах нэгдсэн арга хэмжээг мөн зохион байгуулж байгаа. Энэ үеэр Яруу, Алдархаан сумын нутгийг дамжин 2021 оны 10 дугаар сарын 6-наас 12 дугаар сарын 10-ны хооронд тус аймгийн харьяат иргэн Н, Ц, Б, Ц, С, З, Л нар хоёр удаагийн үйлдлээр иргэдийн 8 тооны бод малыг бүлэглэн хулгайлсан болохыг илрүүлэн шалгаж байна. Малын хулгай нь жилийн дөрвөн улиралд бүртгэгддэг гэмт хэрэг. Гэхдээ өвлийн идэшний цагаар бод малыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийн гаралт ихэсдэг. Тиймээс малчид та бүхэн мал сүргээ байнгын хариулгатай байлгаж мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх. Малаа алдсан тохиолдолд хугацаа алдалгүй бүртгүүлж мэдээлэл өгөх шаардлагатай байна. Түүнчлэн нэгдсэн арга хэмжээний хүрээнд хяналтын пост, эргүүл шалгалтыг байнга хийж байгаа. Ялангуяа их хэмжээний малын мах тээвэрлэж буй автомашинуудыг шалгаж байгаа. Тиймээс хэрэглээний идшээ хийсэн, тээвэрлэсэн иргэдээс малын гарал үүслийн бичиг, малчны тамга тэмдэг, малын эмчийн тодорхойлолт зэрэг шаардлагатай бичиг баримтуудыг заавал шалгаж нэвтрүүлж байгаа гэж аймгийн Цагдаагийн газраас зөвлөв. 

Холбоотой мэдээ