Азийн хөгжлийн банкны мэргэжилтэн Арно Хекманнтай уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-12-20 11:25:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд дэд бүтцийн 6 төв байгуулах ажил амжилттай хэрэгжиж байна.


Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй дээрх төсөл хөтөлбөр гурван үе шаттай 10 жилийн хугацаанд хэрэгжих юм.


Төслийг амжилттай үргэлжлүүлж, санхүүжилтийг тасалдуулахгүй байх талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгчийн газрын хот байгуулалтын салбарын тэргүүлэх мэргэжилтэн Арно Хекманнтай уулзлаа.


Арно Хекманн “Хөтөлбөрийн үргэлжлэл болох орлогод нийцсэн "Ногоон орон сууцны төсөл" нь гэр хорооллыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Иргэдийн орлогод нийцсэн, ногоон орон сууц барьж, гэр хорооллын 100 га талбайг нүүрсхүчлийн ялгаруулалт бага, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, орлогын холимог бүрдэл бүхий оршин суугчидтай, эко орчин бүрдүүлэхийг зорьж байна” гэв.


Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Төсөл хэрэгжүүлэх явцад үнийн өсөлт гарч санхүүжилтийн хувьд зарим асуудал үүссэнийг шийдэхэд анхаарч байна. Нийслэл дангаараа шийдэх асуудал биш тул Сангийн яамтай хэлэлцээр хийж байгаа. Дэд төвүүд байгуулахын тулд зөвхөн дэд бүтэц, зам, барилга, байгууламж бариад зогсох биш, сургалтын төв байгуулж, ажлын байр нэмэх нь чухал” хэмээлээ. 

Холбоотой мэдээ