Туркэд болсон мөргөлдөөнд монгол иргэд өртөөгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-07-16 17:23:54

Турк Улсад болсон цэргийн эргэлт хийх гэсэн оролдлоготой холбогдуулж Анкара дахь Монголын ЭСЯ-наас мэдэгдэл гаргав. Уг мэдэгдэлд, "Төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын үеэр гарсан мөргөлдөөнүүдэд манай иргэн өртсөн тухай мэдээлэл алга байна" гэжээ.

Мэдэгдэлд, "2016 оны 7 дугаар сарын 15-ны оройн 23 цагийн үед эхэлсэн Туркийн төрийн эрхийг цэргийн хүчээр авах гэсэн оролдлого 4 цаг гаруй үргэлжилж, 7 дугаар сарын 16-ны өглөөний 3 цаг 30 минутын үед дарагдав. Тус улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган амарч байгаад энэ үед буюу 3 цаг 30 минутын орчимд Истанбул хотод нисэн ирж, телевизээр үг хэлж, төрийн эргэлт хийх гэсэн оролдлого бүтэлгүй болсон тухай мэдэгдэв. Энэ оролдлогыг АНУ-д орогнон суугаа шашны номлогч Фетуллах Гүлений “Хизмет” хэмээх хөдөлгөөн зохион байгуулсныг тэрбээр илчлэн зарлав.

Энэ сарын 16-ны өглөө 8-9 цагийн очримд Анкара хот дээгүүр цэргийн нисэх онгоц хэд хэдэн удаа нислэг үйлдсэн бөгөөд энэ нь чухам ямар учиртай нислэг болохыг одоогоор мэдэж амжаагүй байна. Туркийн зарим сонин энэ өглөө хэвлэгдэн гарсангүй.

Монголын ЭСЯ-ны захиалдаг сонин ч ирсэнгүй. Туркийн вэб хуудсуудаас үзэхэд 7 дугаар сарын 16-ны өглөөний 9 цаг 40 минуутын байдлаар цэргийн эргэлт хийх гэж оролдсон 1374 хүнийг баривчилсан байна. Анкара, Истанбул хотод өнгөрсөн шөнө болсон мөргөлдөөнүүдийн улмаас 90 хүн алагджээ. Түүний дотор дотоодын цэргийн /жендармер/ 16 албан хаагч удирдлагынхаа төв байранд амь үрэгдсэн байна.

Туркийн Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Хулуси Акариг барьцаанаас чөлөөлсөн гэж үүрээр мэдээлсэн ч одоогоор тэр яг хаана байгаа нь тодорхойгүй байна. 1 дүгээр армийн командлагч Үмүт Дүндарыг Зэвсэгт хүчний жанжин штабын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Тус ЭСЯ өнгөрсөн шөнийн турш ажиллаж, мэдээлэл олж төвд дамжуулах, Туркт суугаа иргэдтэйгээ холбоо барих, тэдэнд нийгмийн сүлжээгээр мэдээлэл, анхааруулга өгөх зэргээр ажиллав. Төвд 8 шуурхай мэдээ явуулсан бөгөөд Төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын үеэр гарсан мөргөлдөөнүүдэд манай иргэн өртсөн тухай мэдээлэл алга байна. Өнөө өглөөнөөс Истанбул дахь Ататуркийн нэрэмжит нисэх буудал ажиллаж эхэлсэн тухай зарим вэб хуудсанд мэдээлжээ" гэлээ.

Холбоотой мэдээ