Японд вакцины нэмэлт тунг тарих хугацааг богиносгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-12-17 11:57:01

ТОКИО. /NHK/. Японы Засгийн газар эмнэлгийн ажилтнууд, өндөр настай хүмүүсийн “COVID-19”-ийн вакцины хоёр, гуравдугаар тунд хамрагдах хугацааг богиносгохоор төлөвлөж байна. 


Тус улсад эмнэлгийн ажилтнуудыг нэмэлт тунгаар дархлаажуулах аяныг 12 дугаар сарын 1-нээс эхлүүлээд байгаа бөгөөд ирэх сараас гурав дахь тунд хамрагдах боломжтой хүмүүсийн жагсаалтыг өргөтгөх юм.


Одоогийн байдлаар вакцины хоёр тунд хамрагдсанаас хойш найман сарын хугацаа өнгөрсөн хүмүүст нэмэлт тунг тарьж байгаа ч халдвар голомтлон тархсан эмнэлгийн байгууллага, асрамжийн газруудад нэмэлт тунг зургаан сарын дараа тарихыг зөвшөөрчээ.


Ерөнхий сайд Кишида Фүмиогийн хувьд тун хоорондын зайг хамгийн боломжтой хугацаагаар бууруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байна. Тодруулбал, Засгийн газар эмнэлгийн ажилтнууд, эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлэгсэд, асрамжийн газрын оршин суугчдын нэмэлт тунд хамрагдах хугацааг зургаан сар болгохоор төлөвлөж байгаа ажээ. Ингэснээр 10 сая гаруй хүн вакцины гурав дахь тунг зургаан сарын дараа тариулах боломжтой болно.


Өндөр настнуудын хувьд ирэх оны хоёрдугаар сараас нэмэлт тунд хамрагдах боломж бүрдэх бөгөөд хоёр тунгаа тариулснаасаа хойш хамгийн багадаа долоон сарын хугацаа өнгөрсөн байх шаардлагатай байна. Засгийн газрын мэдээлснээр, нэмэлт тунг тарих хугацааг богиносгосон ч вакцины нөөц хангалттай хүрэлцэнэ.


Үүний зэрэгцээ Засгийн газар эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар вакцинд хамрагдах боломжгүй хүмүүст “PCR” шинжилгээг урьдчилан бүртгүүлэхгүйгээр үнэгүй өгөх боломжийг бүрдүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд ийм системийг энэ сарын эцсээс бүх мужид нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.


Ерөнхий сайд нэмэлт тун, үнэгүй шинжилгээтэй холбоотой шинэ төлөвлөгөөг өнөөдөр танилцуулна. Мөн тэрбээр “COVID-19”-ийн дотуур ууж хэрэглэдэг эмийг татан авах төлөвлөгөөг танилцуулах төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ