О.Амартүвшин: Монгол, ОХУ-ын худалдааг тэнцвэржүүлж дэмжих Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-12-14 12:47:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй Монгол, ОХУ-ын худалдаа, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцаж тодрууллаа.


-Өнөөдрийн байдлаар манай хоёр орны худалдаа, эдийн засгийн байдал ямар хэмжээнд байна вэ?

-Сүүлийн 10 дугаар сарын дүнгээр хоёр орны худалдааны нийт эргэлт 1.7 тэрбум орчим ам.доллар байна. Энэ нь манай улсын нийт гадаад худалдааны 10 орчим хувийг эзэлж байна.  Импорт, экспортын хурьцаагаар авч үзвэл импорт 1.4 тэрбум орчим ам.доллар, экспорт нь тун бага буюу 60 сая гаруй ам.долларын хэмжээтэй байна. Бүтээгдэхүүний бүтцээр авч үзвэл ХАА-н гаралтай ноос, ноолуур бага зэргийг экспортолж, мөн жонш гаргаж байна. Экспортын ихэнх хувийг хайлуур жонш эзэлж байх жишээтэй. Манай хоёр орны худалдаа ийм хэмжээнд байна. Өмнө нь уламжлалт экспортод мах, махан бүтээгдэхүүн нэлээд хувийг эзэлдэг байсан бол одоо бараг зогссонтой адил, сүүлийн жилүүдэд ОХУ-тай хийж буй гадаад худалдаанд бодитой ахиц дэвшилд хүрсэн зүйл хааяа нэг үзэсгэлэн-худалдааны үеэр гардаг жижиг худалдаачдын бүтээгдэхүүнийг эс тооцвол байхгүй байна.




-Хоёр орны худалдаанд гарч буй гол бэрхшээлтэй зүйл хүндрэл нь манайхаас ОХУ-д бараа, бүтээгдэхүүн гаргахад экспортын гаалийн тариф өндөр байдаг. Энэ байдлыг яаж өөрчлөх вэ? Нэг гарц нь манай улс Евроазийн эдийн засгийн холбоонд элсэх явдал гэж үздэг үү?

-Хоёр орны хооронд худалдааг хөнгөвчлөх дэмжих талаар уулзалт хэлэлцээрийг удаа дараа хийж ирсэн. Сүүлийн 2 жил ковид гарсантай холбоотойгоор худалдааны үйл ажиллагаа зогсонги болсон. Хамгийн сүүлд ОХУ-д Евроазийн эдийн засгийн комиссын хэлэлцээрт одоогийн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дэд сайд байхдаа бид хамт оролцож байсан. Худалдааг хөнгөвчлөх дээр гол нь тарифын асуудал байгаа юм. Мөн тарифын бус Оросын нөхцөлүүд хүнд байдаг. Тарифынх дээр үндсэндээ манайхаас гарах бүтээгдэхүүнд 40 орчим хувийн татвар ногдож тавигддаг. Тарифын бус дээр техникийн ямар нэг шаардлага болон стандартын, хэм хэмжээний түвшин өндөр байгаад байдаг.



Монгол Улс Евроазийн эдийн засгийн комисстой Эдийн засгийн чөлөөт худалдааны хэлцэл хийвэл, бид ялангуяа тарифын болон тарифын бус нөхцөлүүдийг ижил түвшинд хүргэх, илүү бууруулах, ОХУ руу тээвэр хийх зэргээр олон олон боломжийг бий болгоно гэж үзэж байгаа.

Манай улс уул уурхайн салбарын бүтээгдэхүүнээ урд хөрш рүү хангалттай хэмжээнд нийлүүлсэн экспортыг хийж байгааг хүн бүр мэднэ. Уул уурхайн бус гээд задлаад үзэхээр 500 сая гаруй ам.доллар байдаг. Харин ОХУ руу тийм өндөр хэмжээгээр экспорт хийж чаддаггүй, ийм л нөхцөл байдалтай байна. Оросууд бидэнтэй 2 зүйл ярьдаг. Нэг нь Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоонд элсэх тухай. Үүнийг бид боломжгүй хэмээн хүлээн авдаг. Яагаад гэхээр дээрх холбоонд Монгол Улс элсэхээр бол шууд нэг л гаальтай байх тухай асуудал яригдана. Нэг гаальтай байна гэдэг нь манай хил хязгаараар Евроазийн эдийн засгийн нэг хил хязгаар тулж, гаалийн нэг тариф үйлчилнэ гэсэн үг. Энэ нь өөрөө Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн 5-хан орны хүрээнд үйлчлэх учир бас дэмжих зүйл биш болно. Манай экспортын бүтээгдэхүүн дээр магадгүй ярилцах шаардлагад хүрнэ.

Харин Евроазийн эдийн засгийн комисстой Чөлөөт худалдааны хэлэлцээр хийх нь өөр гарц юм. Ийм шаардлага бий юу гэвэл үүнийг бид хийх ёстой гэж үздэг. Евроазийн эдийн засгийн холбоонд орсон улс орнуудтай Эдийн засгийн чөлөөт худалдааны хэлцэл хийвэл бид ялангуяа тарифын болон тарифын бус нөхцөлүүдийг ижил түвшинд хүргэх, илүү бууруулах, ОХУ руу тээвэр хийх зэргээр олон олон боломжийг бий болгоно гэж үзэж байгаа.


Нөгөө талаар Монгол, ОХУ, БНХАУ гэсэн 3 улсын эдийн засгийн коридорын талаар, хил дагуух худалдааны талаар бид олон жил ярьж ирсэн. Энэ оны 11 дүгээр сард Дубайд чуулсан Дэлхийн Танхимуудын конгрессын үеэр бид ОХУ-ын Холбооны Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Катыринтай уулзан ирэх онд багтааж 3 улсын Танхимуудын дээд уулзалтыг хийж, Эдийн засгийн коридорын асуудлыг дахиж хөндөе гэсэн. Өнөөдрийн эдийн засгийн явц, үйл өрнөлийн нөхцөл байдлыг харахад ковидын дараах эдийн засагт БНХАУ тэргүүлэх нь тодорхой болж эхэлж байна. Үүнийгээ дагаад дэлхийн хамгийн том худалдааны том орон зай болох юм байна. Энэ интеграцид ОХУ нэлээн ач холбогдол өгч байна. Бид энд мөн ялгаагүй нэгдэн орох, газарзүйн давуу талаа ашиглаж үр ашгийг хүртэх нь зүйтэй юм гэсэн үзэл санаа байгаа. Тэгэхийн тулд дахиад бид тарифыг нэг түвшинд хүргэх, гадаад худалдааг талуудад харилцан ашигтай байлгах хэрэгтэй.

Зарим хүн энэ талаар ярих нь тийм ч чухал биш гэж үздэг. Гэвч энэ бүс нутгаас орж ирж байгаа, хөрш ОХУ-аас орж ирж буй бүх бараа үндсэндээ гаалийн 5 хувийн тарифтай байгаа. Тиймээс бид бас тийм харилцан хэмжээнд хүрэх нь өөрөө нэлээн том боломжийг, ялангуяа Сибирь орчим дахь худалдааг дэмжих нэлээн том боломж болох юм болов уу гэж үздэг. Хоёрдугаарт, ОХУ руу хийж буй манай экспортын бүтцийг харахаар түрүү хэлснээр хайлуур жонш ихэнх хувийг эзэлж буй байдлыг бид ашиглах нь зүйтэй юм болов уу.

Манай улс жоншны түгээмэл ордоор дэлхийд эхний 3-т ордог. ОХУ жоншны төдийлөн их нөөцгүй. Гэтэл тус улсад металлургийн олон боловсруулах үйлдвэр бий. Эдгээрт бид түүхий эд нийлүүлнэ гэдэг экспортын цоо шинэ гарц юм болов уу гэж харж байгаа. Ингээд бид бүтээгдэхүүнээ нэгбүрчлэн задалж үзвэл өөр илүү боломжтой байх үүднээс бид гарцаа байхгүй Евроазийн эдийн засгийн холбоотой Эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг хийх ёстой гэж харж байгаа.

-Хэлэлцээр хийхэд хүрвэл “болзол” шаардлага өөр байна гэж үзэж буйгаа тодруулна уу?

-Хэрэв бид ийм хэлэлцээр хийж байгуулбал тарифын өндөр татвар зэрэг “болзол” тавигдахгүй. Япон болон Европын холбоотой бидний хийсэн чөлөөт хэлэлцээр шиг харилцан хөнгөлөлт эдлэх тухай л яригдана. Хэлэлцээр хийснээр бидэнд илүү таатай боломж бүрдэнэ. Ер нь манай хоёр орны худалдааны баланс хэт зөрүүтэй байгаа шүү дээ. Энд 2020 оны үзүүлэлтийг аваад харвал манайх ОХУ-аас 1.4 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортлоод зөрүүлээд 60 сая орчим ам.долларын бараа бүтээгдэхүүн гаргасан асар том зөрүүтэй байна.




Ер нь аливаа улс орны хооронд улстөрийн хэлэлцээ яриа, эдийн засгийн хамтын ажиллагаа харилцан ашигтай, худалдааны балансын зөрүүг аль болох бага байлгах, харилцан ашигтай байх тухай яриаг хөндөх учиртай юм. Хоёр орны хооронд сүүлийн жилүүдэд айлчлал их хийж, олон ч яриа болдог ч дахин хэлэхэд бидний энэ хамтарсан худалдаан дээр ахиц дэвшил гарахгүй байгаа. Тиймээс үүнийг бодит ажил болгох нь Монголын эдийн засагт үнэхээр чухал байна. Бид уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлье гэж ярьдаг. Энд манай ХАА-н гаралтай, ялангуяа малын мах, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнтэй холбоотой олон боломж байна. Гэтэл бид энэ дээр бусад орнуудтай тарифаар өрсөлдөж чадахгүй байна. 40 хувийн татвар төлөхөөр бүтээгдэхүүний үнэ өөрөө өрсөлдөхүйц чадваргүй, бүтээгдэхүүн болж чадахгүй байна.


Оросын Москва, Эрхүү, Улаан-Үд гэсэн 3 хотод Монголын худалдааны төвийг нээж цааш цахим худалдааг хийх боломж бий.


-Нөхцөл байдал ийм байгаа ч манайхан өөрсдөөс шалтгаалах юмаа хийж л байя гэдэг утгаар ер нь ОХУ руу цаашдаа манайхан өөр ямар бүтээгдэхүүн гаргах боломжтой, юу гаргах сонирхолтой байна вэ?

-Судалгааг хараад үзэхээр жонш, жоншны баяжмал, манай “Янмал”, “Тод” зэрэг үйлдвэрийн сүлжмэл, ноосон оймс, тэгээд ойр зуурт ноос, ноолууран бүтээгдэхүүн гаргах зэргээр экспорт маань хязгаарлагдах буюу зогсчихоод байна. Ер нь бол эдгээр бүтээгдэхүүний зах зээл нь Орост Уралаас нааш байгаа юм. Тиймээс бид цаашид бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортоо аль болох кластераар хөгжүүлэх, нөгөө талаар экспортыг дэмжсэн хүүгийн татаас хөнгөлөлт үзүүлэх бодлого, тэгээд Орост Монголын худалдааны төвийн нэгдсэн платформ бүхий талбарыг бий болгох, түүгээр дамжуулан цааш цахим худалдааг хөгжүүлэх, түгээлт борлуулалтын орон зайг илүү харах ёстой юм болов уу гэж үзэж байгаа.

-Хоёр орны хооронд худалдааны шууд харилцах талбарыг хөгжүүлэх талаар та хэлээд байна. Үүнийгээ тодруулна уу. Энэ тал дээр хэр боломж байна?

-Тийм ээ, манайхан бараа бүтээгдэхүүнээ ОХУ руу шууд гаргахаар 40-өөс дээш хувийн татвартай байгаад байдаг. Гэтэл магадгүй Германы Хамбург руу ч юмуу, ОХУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээртэй бүс рүү бүтээгдэхүүний экспорт хийгээд буцаад ХБНГУ, ОХУ-ын хооронд дахь цахим худалдааг ашиглан оруулах юм бол татваргүй гарах жишээтэй. ОХУ бусад улстай ийм юм хийж болоод байна шүү дээ. БНХАУ-ын “Али баба” идэвхтэй ажиллаж байгаагийн хэрээр ОХУ руу хийж буй худалдаа жилээс жилд асар их нэмэгдэж байгаа. Энэ худалдааны эргэлт дээр газарзүйн байрлалаа ашиглан Монголоор дамжуулж тээвэр ложистик дээр боломж олгох байдлаар явж болно. Цахим худалдааг өндөр түвшинд зохион байгуулснаар бид магадгүй хилийн цаана, Эрхүү юм уу Улаан-Үдэд Монголын төв байгуулж болно. Тэр төв нь Орос орон даяар бүтээгдэхүүнийг цахимаар худалдах боломж бий болно. Бид ОХУ-тай худалдаа хийж буй ААН-үүдийн уулзалтыг Танхим дээр хийхэд ОХУ-ын Элчин сайд К.Азизов болон манайхаас тус улсад суухаар томилогдсон шинэ Элчин сайд Ө.Энхтүвшин нар хүрэлцэн ирж оролцож, хоёр орны худалдааг хэрхэн дэмжих талаар ярилцсан.

Ингэхэд ОХУ-ын Элчин сайд, ОХУ-тай худалдаа хийх сонирхол Монголын бизнес эрхлэгч нарт хэр байгаа юм гэж асууж байсан. Энэ нь цаанаа юуг хэлээд байна гэхээр Монголд худалдааг дэмжих, зохион байгуулах нэгдсэн талбар платформ байна уу, одоогоор ийм юм байхгүй байна гэдгийг л хөндөөд байгаа юм л даа. Тэгэхээр бид цаашдаа Оросын Москва, Эрхүү, Улаан-Үүд гэсэн 3 гол хотод Монголын худалдааны төвийг нээх ёстой юм байна, түүгээр дамжуулж бараа, бүтээгдэхүүнээ сурталчилах ажлыг өндөр түвшинд хийж зохион байгуулах ёстой юм байна. Ингэхийн тулд төр-хувийн хэвшил хамтрах юм байна. Худалдааг ийм өөр зохион байгуулалтад оруулах зөв зүйтэй юм.

Нөгөө талаар манай бизнес эрхлэгч нар санхүүгийн зөв механизмыг олох ёстой байна. Тэр өндөр татварыг зөв хуваарилалттай төлөх, урьдчилан тохиролцож төлөх зэргээр. Ингэхгүйгээр өнөөдөр 100 мянган ам.долларын бүтээгдэхүүн гаргаж буй компани шууд 40 хувийн татвар төлнө гэхээр чаддаггүй ийм байдлаараа явна гэсэн үг.


Холбоотой мэдээ