Ховд аймгийн ИТХ-ын даргаар Г. Пүрэвгандийг 100 хувийн саналаар сонгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-07-16 10:43:27

Анхдугаар хуралдаанд МАН-ын бүлэг нэг цагийн завсарлага авсны дараа төлөөлөгчид хуралдаж,  МАН-ын бүлгээс Ховд  аймгийн ИТХ-ын даргад Г.Пүрэвгандийн нэрийг дэвшүүллээ. Бүх төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Г.Пүрэвгандийг Ховд аймгийн ИТХ-ын даргаар санал нэгтэй сонголоо.

Шинээр сонгогдсон Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Ховд аймгийн МАН-ын хорооны дэд дарга, МАН-ын Бага хурлын гишүүн, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, энэ оны сонгуулиар ИТХ-ын 10 дугаар тойрог Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багаас хоёр дахь  удаагаа нэр дэвшиж  аймгийн ИТХ-д  төлөөлөгчөөр  сонгогдоод байгаа юм.

Хуралдааныг цааш нь  Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди удирдаж, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох ажлыг хэлэлцүүлж, намын бүлгүүд тус тусдаа хуралдаж, шийдвэрээ танилцууллаа.

МАН-ын бүлэг аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Ганзориг, Б.Болорцэцэг, Р.Цэндаюуш, Б.Амгаланбадрах, Т.Жаргалсайхан, Г.Пүрэвганди, Б.Баярсайхан нарын 7 хүнийг тэргүүлэгчээр, АН-ын бүлэг  хуралдаж Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Чинбат, Ю.Азамат, Д.Батхуяг, Б.Баярсайхан нарын 4 хүний нэр дэвшүүлж 7/4 –ийн харьцаатай  11 тэргүүлэгчийг  тус хуралдаанаас  төлөөлөгчид баталлаа.

Харин аймгийн ИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдсон төлөөлөгчид хариуцлагатай ажиллах, хурлаа таслахгүй байх, хариуцлага алдвал жилд  хоёр удаа тэргүүлэгчдийг сэлгэж байх, хариуцлага алдвал журмаар зохицуулдаг байх зэрэг саналуудыг төлөөлөгчид гаргаж, дараагийн хуралдаанаар  энэ асуудлыг нухацтай хэлэлцэхээр боллоо.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ