ЗХУ-ын тусламжийг гэрэл зургаар өгүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-12-13 18:42:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗХУ-ын тусламжаар манай улсад анх 1920-иод онд Алтанбулагийн булигаарын заводыг барьжээ. Улмаар Улсын хэвлэх үйлдвэр, цахилгаан станц, 1938 онд Улаанбаатар-Налайхын хооронд 50 км нарийн төмөр зам, 1939 онд Чойбалсан-Соловьевскийн 237 км өргөн төмөр зам, 1947-1949 онд 700 гаруй км урт засмал зам тавьж Наушки-Улаанбаатарын 428 км төмөр зам ашиглалтад орж байв. Энэ мэтчилэн хуучин ЗХУ-аас манай улсад буцалтгүй тусламжаар барьж байгуулсан барилга, байгууламж, үйлдвэрүүдийг гэрэл зургаар дэлгэн үзүүлж байна.




Улаанбаатар дахь Русский Дом буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвд өнөөдөр нээсэн гэрэл зургийн үзэсгэлэнг Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулан өнөөдөр нээв. Үзэсгэлэнд ЗХУ-ын тусламжаар атар газар эзэмшсэн, Монгол орны газар нутгийг зурагжуулсан, үндэсний мэргэжилтнүүдийг ЗХУ-д сургаж бэлтгэсэн зэрэг түүхэн баримтуудыг дэлгэжээ. Хоёр өдөр үргэлжлэх дээрх үзэсгэлэнгээс хоёр орны хамтын ажиллагааны түүхэн хуудсыг эргүүлж үзэн, Монгол орны бүтээн байгуулалтад оруулсан ОХУ-ын хувь нэмрийг харах боломжтой аж. 






Үзэсгэлэнгийн нээлтэд БХБ-ын дэд сайд Э.Золбоо, ГХЯ-ны хөрш орнуудын газрын атташе О.Чинбаяр, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай, Улаанбаатар дахь Русский Дом буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал захирал Амгалан Ренцинович Базархандаев болон ахмад барилгачдын төлөөлөл оролцлоо.



Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ