Нийслэл, дүүргүүдээс иргэдэд олгодог 59 төрлийн зөвшөөрлийг цахимжуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын хэмжээнд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 59 үйлчилгээг цахимд шилжүүлнэ.
Нийслэл, дүүргүүдээс иргэдэд 82 төрлийн зөвшөөрөл олгодгоос 59-ийг нь ийнхүү цахимд шилжүүлэх бэлтгэл хангаад байна. Үйлчилгээг хүнд сурталгүй
болгож, хуульд нийцээгүй заримыг нь цуцлах зэрэг олон ажил хийж буйг нийслэлийн удирдлагууд шуурхай зөвлөгөөний үеэр
танилцуулав.
Авлига, хүнд суртлыг арилгах, цахим шилжилттэй холбоотой
Үндэсний хороо байгуулагдсан. Энэ чиглэлээр Ерөнхий сайдын өгсөн үүрэг
даалгаврын дагуу дүүргүүдийг шилэн кабельд холбох, өндөр хурдны интернэт нэвтрүүлэх, кибер
аюулгүй байдалд онцгойлон анхаарах, иргэдэд олгож буй зөвшөөрлийг цахимд
шилжүүлэх ажил ямар түвшинд байгааг
мэргэжилтнүүд мэдээллээ.
Нийслэлийн ерөнхий архитектор Ц.Тулга энэ үеэр ярихдаа, “Барилга байгууламжийн
зөвшөөрлийг цахимд шилжүүлэхтэй холбоотой асуудлыг судалж, санал
боловсруулах ажлын хэсэг
байгуулсан. Ирэх оноос барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төсөл
батлах ажлыг цахимд шилжүүлэхээр зорьж байна. Ажлын хэсэг БХБЯ-тай хамтран ажиллаж байгаа” гэсэн юм.