Ирэх онд 99 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-12-09 17:28:55

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт ирэх 2022 онд улсын төсвийн 90 тэрбум, орон нутгийн төсвийн 9 тэрбум гээд нийт 99 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт, төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ.  

Мэргэжлийн байгууллагууд Ховд аймгийн 2022 оны төсвийн төслийг боловсруулахдаа эрх зүйн шинэтгэлийн хүрээнд төсөв мөнгө зөв хуваарилж, зөв төлөвлөлт хийхэд анхаарч ажилласан бөгөөд энэ жил хөдөөгийн сумдад олгох санхүүгийн дэмжлэг, сумдын орлогын эрх, төрөл нэмэгдсэн гэж албаныхан хэллээ. 

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Хүний хөгжлийг дэмжсэн стандарттай шинэ Ховдын төлөө” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаар ирэх 2022 онд хэд хэдэн томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн.  

Үүнээс тоймлон танилцуулбал, Эрдэнэбүрэнгийн 90 мВт-ын усан цахилгаан станцын барилга угсралтын ажил эхэлнэ. “Ховд эко цементийн үйлдвэр”-ийн барилга угсралтын ажил дуусаж, ашиглалтад орно. “Үйлдвэр технологийн парк”-ийн дэд бүтцийн угсралтын ажил хийж, хувийн хэвшлийн үйлдвэрийн суурь тавих ажил эхэлнэ. 

Мөн босоо тэнхлэгийн авто замтай Эрдэнэбүрэн, Ховд сум, хэвтээ тэнхлэгийн авто замтай Чандмань сумыг холбох ажлууд эхэлнэ. Эрдэнэбүрэн, Алтай суманд услалтын систем баригдаж, Мянгад сумын услалтын системийн зураг төсвийг хийж, Зэрэг, Цэцэг, Үенч сумын услалтын системийн өргөтгөл, шинэчлэл хийнэ.

Үүнээс гадна Манхан суманд шинээр дотуур байр, Жаргалант суманд бага сургууль, гурван цэцэрлэгийн барилгын барилга угсралтын ажил эхэлж, 2023 онд ашиглалтад хүлээн авахаар төлөвлөсөн байна. Мөн ирэх онд Дарви сум Хөшөөтийн нүүрсний уурхайд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барьж, ашиглалтад хүлээн авна.

Ховд хотод шинэ кино театр, олон угсаатны урлагийн театр шинээр барьж эхлэх зэрэг эдийн засаг, нийгмийн хөгжилд ач холбогдолтой, хэтийн хөгжлийн зорилтод гол байр суурь эзлэх, олон ажлын байр гарах төсөл, арга хэмжээнүүд тусгасан аж.  

 

Холбоотой мэдээ