2011 оноос хойш сум хөгжүүлэх сангаас 222 иргэнд зээл олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-12-08 20:45:33
Завхан/МОНЦАМЭ/. Их-Уул сум 2011-2017 онд сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийн зээлийн эргэн төлөлтийг барагдуулах чиглэлээр үр дүнтэй ажиллажээ. Энэ талаар тус сумын санхүүгийн албанаас тодруулга авлаа.

-Сум хөгжүүлэх сангаас зээл аваад, хугацаа хэтэрсэн, зээлийн эргэн төлөлтөө тухай бүр нь төлдөггүй иргэдийн өрийг барагдуулах ажлыг эрчимтэй хийсэн гэлээ?  

-Тийм ээ. ЗДТГ-ын санхүүгийн алба “Зээлийн мэдээллийн тухай хууль” Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор баталсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын хүрээнд олон талын ажлуудыг хийгээд байна. Тухайлбал сум хөгжүүлэх сантай гэрээ байгуулах үүргийн талаарх мэдээллийн санг бүрдүүлэх. Ашиглах хяналт тавих. Монгол банкны зээлийн мэдээллийн санд үлдэгдэлтэй зээлийн мэдээллийг нэгтгэх. Сум хөгжүүлэх сангийн зээлийн мэдээллийн сангийн бүртгэл, хяналт, нэгтгэлийн программыг Монгол банктай холболоо.

Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийг сар бүр үндсэн зээл болон хүүгээр салган, сум хөгжүүлэх сангийн программд шивж, төв сервер лүү тухай бүр илгээн тайлан мэдээг санхүүгийн алба болон аймгийн ХХААГ-т өгдөг. Сум хөгжүүлэх сангийн 2011 оны зээлийн эргэн төлөлтийн дутуу хоёр иргэний 6.3 сая төгрөг. Зээлийн хүү, үндсэн зээлийн үлдэгдэл төлөгдөөгүй байсныг шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр эргэн төлүүлсэн. Мөн 2013 онд зээл авсан иргэдээс зургаан иргэний зээлийн эргэн төлөлтийн дутууг бүрэн барагдуулаад байна. 2015-2017 онд зээл аваад эргэн төлөлт дутуу байсан 15 иргэний зээлийн материалыг Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газарт хүргүүлснээс хоёр иргэний зээлийн үлдэгдлийг бүрэн барагдууллаа. Нэр бүхий таван иргэнээс зээлийн эргэн төлөлтийн 15.4 сая төгрөгийг сангийн дансанд оруулж, 13 иргэний 44.5 сая төгрөгийн эргэн төлөлт дутуу байна. Гэх мэтчилэн төлөгдөөгүй зээлийн эргэн төлөлт 2015-2017 оны 17 иргэний 51.8 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна.

-Сум хөгжүүлэх сангаас зээл аваад эргэж төлдөггүй хугацаа хэтэрсэн зээлүүд их байна гэсэн үг үү?

-Ер нь бол сум хөгжүүлэх сангаас зээл аваад эргэн төлөлтөө хугацаанд нь хийдэг иргэд олон бий. Бизнес нь, үйлдвэрлэл нь ямар нэг шалтгаанаар зогссон, зах зээлийн зарим байдал нөлөөлж үйлдвэрлэл нь алдагдалтай ажиллах гээд сангаас хөнгөлөлттэй зээл авсан иргэдэд бэрхшээлтэй зүйлүүд байдаг. Тухайлбал, 2018 онд 9 иргэнд сум хөгжүүлэх сангаас 42.1 сая төгрөгийн зээл олгосноос гурван иргэн зээлээ бүрэн төлсөн байна. Нэг иргэний зээлийн эргэн төлөлт хэвийн, таван иргэний зээл төлөлт хэвийн бус байна. 2019 онд гэхэд 9 иргэнд 38.5 сая төгрөгийн зээл олгосноос нэг иргэн зээлээ бүрэн төлсөн. Хоёр иргэний зээлийн эргэн төлөлт хэвийн. Таван иргэний зээлийн эргэн төлөлт хэвийн бус, нэг иргэн зээлийн эргэн төлөлтөө огт хийгээгүй байна.

-Энэ онд сум хөгжүүлэх сангаас хэчнээн иргэнд зээл олгосон бэ?

-Энэ онд 27 иргэнд сум хөгжүүлэх сангаас 138 сая төгрөгийн зээлийг олгоод байна. Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн хурлыг хоёр удаа хийж иргэдээс ирүүлсэн 58 төслийг хэлэлцсэн байна. Харин 2020 онд 14 иргэнд 52 сая төгрөгийн зээл олгосноос хоёр иргэн зээлээ бүрэн төлжээ. Харин 7 иргэний зээлийн эргэн төлөлт хэвийн, таван иргэний зээлийн эргэн төлөлт хэвийн бус явж байна. Манай суманд сум хөгжүүлэх сангийн зээлийн санхүүжилт 2011-2015 онд нийт 269 сая төгрөг орж ирсэн. Үүнээс 2011 оны 8 дугаар сарын 1-нээс зээл олгож эхэлснээс хойш одоог хүртэл давхардсан тоогоор 222 иргэнд 269 сая төгрөгийн санхүүжилтийг олгожээ.

Энэ онд сум хөгжүүлэх сангийн зээлийн мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд холбосон. Энэ нь зээлийн эргэн төлөлтөд их чухал алхам болсон. Ингээд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй 51 иргэний 135.6 сая төгрөг дутуу байсныг Сум дундын прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэстэй хамтран ажилласнаар 35 иргэний зээлийн үлдэгдлийн дутуу буюу 64,6 хувийг барагдуулаад байна.

-Сум хөгжүүлэх сангаас зээл хүсэж буй иргэд ихэвчлэн ямар үйлдвэрлэл явуулдаг вэ?

-Сүүлийн таван жилийн зээлийн судалгаанаас харахад сүү цагаан идээ боловсруулах, мод модон эдлэл, арьс ширэн эдлэлийн үйлдвэрлэл, мах махан бүтээгдэхүүн, оёдол, үсчин, гоо сайхны, барилгын материалын үйлдвэрлэл гэх мэтчилэн жижиг дунд үйлдвэрлэлийг шинээр бий болгох. Үйлдвэрлэлээ өргөжүүлэх зорилгоор сум хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээлийг авсан байна.


-Сум хөгжүүлэх сангийн зээл бол тухайн сумандаа эдийн засгаа дэмжих тасралтгүй санхүүгийн эх үүсвэрийг олгож байдаг. Зарим иргэд мэдээлэл муутай байдаг?

-Тийм ээ. Сум хөгжүүлэх сангийн зээл нь сум орон нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжих зорилготой юм. Арилжааны банкаар дамжихгүй, орон нутаг өөрөө бие дааж шийдвэрлэдэг. Сумын засаг дарга шууд гэрээ байгуулан олгодог, сум хөгжүүлэх сангаас шууд санхүүжүүлдэг. Барьцаа хөрөнгийн баталгааг арилжааны банк шиг хатуу нөхцөлгүй олгодог. Зээлийн гэрээг орлогын эх үүсвэрээс хамааруулан хийх боломжтой. Улсын төсөвт эх үүсвэрийг буцаан татдаггүй учир байнга сумын хөгжилд тасралтгүй эргэх санхүүгийн эх үүсвэр бүрдсэн байдгаараа онцлогтой.

“Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-д зааснаар аймгийн засаг дарга нар харьяалах нутаг дэвсгэртээ жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээлд цаашид хамрагдах иргэдийг төслийн арга зүйн сургалтаар хангах ажлыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран сургалт зохион байгуулна гэж бий. Мөн сангаас олгох зээлийн тухайн жилийн хүүгийн орлогын 30 хувийг мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтад зарцуулах ба иргэдийн оролцоог сумын Засаг дарга хариуцаж ажиллана гэж заасан байдаг.

Мөн журамд сумын иргэн, хуулийн этгээдэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх болон бусад шаардлагатай асуудлаар мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх саналаа аймгийн Засаг даргын Тамгын газрын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан нэгжид хүргүүлэх, иргэдийн дунд сургалт зохион байгуулж, оролцоог хангаж ажиллана гэж бий. Манай сумын тухайд жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сонирхолтой иргэдийн саналыг авч тухайн үйлдвэрлэлийн техник, технологийн сургалтуудыг мэргэжлийн байгууллагууд, төсөл хөтөлбөрүүдтэй хамтран явуулдаг.

-Танд баярлалаа. 

Холбоотой мэдээ