Улаанбаатар хотод сэргээн засварлах шаардлагатай түүхэн дурсгалт 140 барилга байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-12-08 15:02:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Түүхийн дурсгалт уран барилгыг сэргээн засварлахад шинэчлэл хийх цаг болсныг өнөөдөр болсон хэлэлцүүлгийн үеэр судлаачид хөндлөө.


Чойжин ламын сүм музейгээс “Түүхийн дурсгалт барилгын сэргээн засварлалтын өнөөгийн байдал ба ирээдүй” хэлэлцүүлгийг Чингисийн музейд өнөөдөр зохион байгуулсан юм.


Тус хэлэлцүүлэг дурсгалт уран барилгыг сэргээн засварлах судалгааны ажлыг эрчимжүүлэх, төр засгаас түүхэн дурсгалт барилгын сэргээн засварлалтын талаар баримталж ирсэн бодлого, түүний хэрэгжилтийг судлан шинжлэх, үнэлэлт дүгнэлт өгөх, түүхэн уламжлал болон өнөөгийн байдлыг олон нийтэд таниулах зорилготой. 

Түүх соёлын дурсгалт барилга нь түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх соёл урлаг, шинжлэх ухааны үнэ цэн, ач холбогдол бүхий биетээр оршин байгаа соёлын өв тул анхны төрх хийц бүтээцийг хадгалан хамгаалах, сэргээн засварлаж, хойч ирээдүйдээ өвлүүлэн үлдээх хэрэгтэйг албаныхан хэлж байна.


Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат хэлэхдээ, “Манай улсад 1970-аад онд байгуулагдсан дурсгалт уран барилгыг сэргээн засварлах бүхэл бүтэн байгууллага байсан. Материал техник хангамжийн баазтай, сэргээн засварлах үеэ урьдчилж төлөвлөдөг, материалаа бэлддэг энэхүү байгууллага 1990-ээд оны үед өмч хувьчлалаар татан буугдсан. Үүнээс хойш сэргээн засварлах ажлыг хувийн хэвшил хийж байна. Сэргээн засварлах барилгын жагсаалтыг гаргаад байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд 140-150, улсын хэмжээнд сүм хийдээс гадна эртний хотын туурь гээд 1000 гаруй дурсгал бий. Үүнээс аль барилгыг нь эхэлж хүчитгэх, алийг нь хэсэгчилсэн байдлаар судлах, алийг нь задалж сэргээн засварлах талаарх саналыг холбогдох байгууллагуудаас авч байна. Нэн түрүүнд 2022 оноос Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей гээд 3-4 барилгыг сэргээн засварлахаар улсын төсөвт суулгаад байна” гэв.


Энэ үеэр Дурсгалт барилгын хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал, Дурсгалт барилгын сэргээн засварлалтын олон улсын зарчим, туршлага, Сэргээн засварлалтын судалгааны арга зүй, Сэргээн засварлагч, архитектор мэргэжлийн хэрэгцээ шаардлага, үнэ цэн, Архитекторын дурсгалын эрсдэл, гамшгаас хамгаалах буюу дижитал сэргээн засварлалт, Орон нутгийн дурсгалт барилгын сэргээн засварлалтад тулгамдаж буй асуудал, Сэргээн засварлах үйл ажиллагааны эрх зүйн орчин зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хэлэлцүүлэгт Соёлын яам, Барилга хот байгуулалтын яамны мэргэжилтнүүд, дурсгалт барилгатай музей болон сүм хийдийн төлөөлөл тус чиглэлийн эрдэмтэн судлаач, багш төрийн болон төрийн бус байгууллагынхан оролцсон юм.

 

 

Холбоотой мэдээ