“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадамд электрон спорт, чөлөөт бөх, боксын төрөл багтав

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-12-08 18:21:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн Азийн олимпын хороодын зөвлөлийн хурал өнөөдөр цахимаар болж, ЗАОХ-дын дэд ерөнхийлөгч, БНХАУ-ын Үндэсний олимпын хороо /ҮОХ/-ны дэд ерөнхийлөгч Ян Шуан болон тус хороонд бүртгэлтэй ҮОХ-дын төлөөлөл цахимаар оролцов.


Монголын талаас МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, наадмын Зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга, нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Улаанбаатар спорт менежмент ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир болон Зохион байгуулах хорооны гишүүд оролцлоо.


Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, ЗБХ-ны нарийн бичгийн дарга И.Баатархүү нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлсний дараа “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын бэлтгэл ажлын явцын тайлан мэдээллийг сонсож, улмаар наадам зохиогдох хугацаа болон спортын төрлүүдийг эцэслэн баталлаа.


Зүүн Азийн залуучуудын наадам спортын үндсэн 9-10 төрөлтэй байдаг. Үүн дээр Зохион байгуулах орноос 2-3 спортыг санал болгох боломжтой. Монгол Улс тус наадамд электрон спорт, чөлөөт бөх, боксын төрлийг санал болгосныг Зүүн Азийн олимпын хороодын зөвлөл дэмжин батлав.


Ингэснээр “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам хөнгөн атлетик, бадминтон, сагсан бөмбөг (3х3 болон 5х5), хөлбөмбөг, жүдо, усанд сэлэлт, ширээний теннис, таеквондо, волейбол, электрон спорт, чөлөөт бөх, бокс гэсэн 12 төрлөөр зохион байгуулахаар болов.


Түүнчлэн наадмыг 2023 оны 8 дугаар сарын 12-19-нд 8 өдрийн турш зохион байгуулах санал оруулсныг дэмжин баталлаа.


Дүрмийн дагуу наадам зохион байгуулах улсын ҮОХ-ны тэргүүн Зүүн Азийн олимпын хороодын дэд ерөнхийлөгч байдаг. Тиймээс өнөөдрийн хурлаар МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигийг Зүүн Азийн олимпын хороодын дэд ерөнхийлөгчөөр сонгов. Мөн МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатарыг Зүүн Азийн олимпын хороодын зөвлөлийн гишүүнээр сонголоо.






Холбоотой мэдээ