Махны худалдааг нийслэлийн 7 цэгт өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-12-07 09:21:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааны хоёр дахь үе шатыг Улаанбаатар хотын 7 цэгт эхлүүллээ.


Иргэд ямар цэгт аль аймгаас ирсэн мах борлуулж буй мэдээллийг аваад сонголтоо хийх боломжтой. Зүүн зүгт "Амгалан" зах, "Тэнгэр" бөөний худалдааны төв, хотын төвд "Саруул" зах, баруун зүгт "Хархорин" худалдааны төв, урд зүгт "Монгол фермер", "Лавай" худалдааны төв, мөн Яармагт шинээр нээгдсэн орчин үеийн тоног төхөөрөмжтэй "Фүүд сити" худалдааны төвд аймгууд мах нийлүүлэх хуваарь гарчээ.


ХХААХҮ-ийн сайд орон нутгийн Засаг дарга нарт нийлүүлэлтийг нэмэх чиглэл өгсөн болон цаг үеийн мэдээллийг ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш-ээс тодруулсныг тус яамны албайн сайтад нийтэлжээ.


-Нөөцийн мах бэлтгэлийн талаар мэдээлэл өгнө үү?

Энэ жил 13.3 мянган тн мах нөөцлөхөөр аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулсан. Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан агуулахад хадгалж байгаа махны дүн мэдээг 7 хоног бүр авч байна. Хөндлөнгийн аудиторууд шалган, дүнг нэгтгэж байна. Өмнө 7 хоногийн мягмар гарагийн мэдээгээр 7400 тн мах агуулахад хадгалж байв. Энэ жил мал тарга хүчтэй байсан тул махны чанар харьцангуй сайн байна. Тиймээс махны өөх ихдэхээс сэргийлж аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж хүргэсэн. Нийт бэлтгэж буй махны 30 хувь нь үхэр, 60 хувь нь хонь, 10 хувь нь ямааных байна.
 
-Малын өвчлөл гарсантай холбоотой мах бэлтгэлд ямар зохицуулалт хийж байна вэ?

Зөвхөн нөөцийн мах төдийгүй зах зээлд борлуулж буй маханд гарал үүслийн баталгаажуулалт хийдэг. Энэ дагуу өвчлөл бүхий аймгийн малд вакцин тарьсан эсэхээс хамаараад гарал үүслийн бичгээр зохицуулж байна. Тухайн бүс нутаг өвчин бүртгэгдсэн, вакцин хийсэн бол мал, махны хөдөлгөөн хийхгүй гэсэн үг.

 
-"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааны үр дүн ямар байв?

Улаанбаатар хотод махны нийлүүлэлтийг нэмэхээр “Өвлийн идэш” худалдааг 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 20-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд, мөн Орхон, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймагт зохион байгуулсан. Ингэснээр иргэд сонголтоо нэг дороос хийх боломж бүрдүүлж байгаа юм. Нийт 16 аймгаас мал, мах нийлүүлж борлууллаа. Малчид хоногт 60-90 тн мах худалдсан мэдээ бий. Мөн цагаан идээ, импортоор авдаг цагаан будаа, ургамлын тос зэрэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг борлуулсан. 



-ХХААХҮЯ махны үнийг тогтвортой байлгахад ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?

Бид нийлүүлэлтийг нэмэхэд анхаарч байна. Нийлүүлэлт нэмбэл үнэ багасах нөхцөл бүрдэнэ. Малын тооллого эхлэх үеэс нийлүүлэлт нэмэгдэх хандлагатай. Нийслэлд орж ирж буй мал, маханд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага тавьж байгаа. Нийслэлийн мал эмнэлгийн газраас дээж авах, ариун цэвэр шаардлагын нөхцөлийг хангахад анхаарч байна. 


-Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц хэр байна вэ?

Гол нэрийн 16 төрлийн бүтээгдэхүүн байдгаас загасны мах зэргийг хасаад нийтийн хэрэглээнд байгаа 10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний нөөцийг 7 хоног бүр хянадаг. Төмөр замаар орж ирэх бараа бүтээгдэхүүнд зохицуулалт хийж, байнга татан авахыг зорьж байна. Үүний дотор цагаан будаа, ургамлын тосны захиалгыг холбогдох яамдтай хамтран сар бүр өгч байна. 11 дүгээр сард хамгийн хэцүү үе байсан. Хүнсний нарийн ногоо, жимс жимсгэний тээвэр саатсан тул хэвийн хангах зорилгоор татан авалтаа хийсэн. Үнийн хувьд тээврийн зардлаас хамааралтай өсөж байсан. Энэ хоёр асуудлыг нэг дор шийдэхийн тулд төмөр замаар болон импортлогч аж ахуйн нэгжүүдийн машинаар бүтээгдэхүүнээ татан авснаар 10 дугаар сард тээврээс шалтгаалсан үнийн өсөлтийг хэвийн хэмжээнд байлгах боломжийг бүрдүүлсэн.  


Энэ сард шинэ жил болж байгаатай холбоотой дэлхий нийтээр хүнсний нарийн ногоо, өндөгний хэрэглээ хоёр дахин нэмэгддэг. Тэгэхээр эдгээр бараа бүтээгдэхүүнийг төмөр замаар татан авна. Хайрагдаж, хөлдөхөөс урьдчилан сэргийлэхээр дулаалгатай чингэлгээр татан авах нөхцөл бүрдүүлж захиалга хүргэж байна. ОХУ-аас өндгөө татан авч байгаа. Хүнсний нарийн ногоо, жимснийхээ тодорхой хэсгийг ОХУ-аас нийлүүлж байна.

 

Холбоотой мэдээ