Казахстан Улсын ерөнхий сайд Өлгийд саатаж үерт өртсөн айл өрхүүдэд тусламж үзүүлнэ гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
aizarya@montsame.mn
2016-07-15 12:47:51

Казахстан Улсын Ерөнхий сайд Карим Масимов Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот руу явах зам зуур Өлгий хотод хагас өдөр саатаж тус аймгийн иргэдтэй уулзав.

Эрхэм зочныг дагалдан явагсадтайгаа хүрэлцэн ирэхэд хотын төв талбайд цугларсан хэдэн мянган хүн дуу хөгжим эгшиглүүлэн баяр баясгалантай угтан золгов. Казахстаны Засгийн газрын тэргүүн Карим Масимов уулзалтын цуглаан дээр хэлсэн үгэндээ Казахстаны Ерөнхийлөгч Н.А.Назарбаевын мэндчилгээг хүргэж, хоёр улсын ахан дүүгийн барилдлага хэлбэрэлтгүй хөгжиж байгааг дурдан, Өлгий хотын зарим багийн оршин суугчид саяхны аадар борооны улмаас гэр оронгүй болсонд харамсаж ихээхэн хэмжээний мөнгөн тусламж үзүүлэхээр болсоноо мэдэгдэв.

Ахмад настан Х.Пушкей, Б.Хайжамал нарт дээл бэлэглэн, Х.Сайран, О.Хабсатар, Р.Сураган нарт Казах Улсын 550 жилийн ойн тэмдэг, Р.Самжид, Р.Шынай нарт Казахстан Улсын СТА цол, тэмдэг гардууллаа. Цуглаан дээр үг хэлсэн хүмүүс Казахстаны нийт ард түмэн, Ерөнхийлөгч Н.А.Назарбаевт халуун мэндчилгээ дэвшүүлж, ОХУ-тай зөвшилцөн Казахстан, Монгол Улсын хоорондын дөт замыг нээн шууд харилцаа тогтоох зэрэг тулгамдсан зарим асуудлын талаар хүсэлт тавьж байв. Баян-Өлгий аймгийн иргэд Казахстан Улсын Засгийн газрын тэргүүнд дээл, малгай, мөнгөн бүс бүхий үндэсний хувцас, эмээл хазаартай цагаан хүлэг бэлэглэв. Хүндэт зочид аймгийн орон нутгийг судлах музей, М.Икей баатрын нэрэмжит нэгдүгээр бүрэн дунд сургууль зэрэг зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцсан бөгөөд үерт автсан айлуудын байдалтай газар дээр нь танилцсаны дараа олон улсын чуулганд оролцохоор өчигдөр Улаанбаатар руу мордсон юм.                                                                 

Ш.Айзаря

Холбоотой мэдээ