Дэлхий даяар найман тэрбум гаруй тун вакцин тарьжээ

ДЭЛХИЙД | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-12-04 11:30:15

ВАШИНГТОН. /Bloomberg/. Дэлхийн түүхэн дэх хамгийн өргөн хүрээг хамарсан вакцинжуулалт үргэлжилсээр байна. Ийнхүү дэлхийн 184 улс оронд COVID-19”-ийн 8.09 тэрбум гаруй тун вакцин тариад буйг “Bloomberg” агентлагийн тоон мэдээлэл харуулж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, дэлхий даяар өдөрт 37.1 сая тун вакцин тарьж байгаа ажээ.


Өнөөдрийн байдлаар нийт 8.09 тэрбум тун вакцин тариад буй нь 100 хүн тутамд 105 тун вакцин хийсэнтэй тэнцэх боловч улс орнуудын вакцинжуулалтын түвшин өөр хоорондоо эрс тэс ялгаатай байна. Тухайлбал, өндөр орлоготой улс орон, бүс нутгуудын хувьд хүн амаа бага орлоготой улс орнуудаас 10 дахин хурдан вакцинжуулж байна.


COVID-19”-ийн хамгийн сайн вакцинууд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, нас барахаас урьдчилан сэргийлэхэд өндөр үр дүн үзүүлж байгаа ч цар тахлыг зогсоохын тулд уялдаа холбоотой кампанит ажил явуулах шаардлагатай юм. Халдварт өвчин судлалын тэргүүлэх мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, АНУ-ын хүн амын 70-85 хувийг вакцинжуулснаар хэвийн амьдралдаа эргэн орох боломж бүрдэх хэдий ч халдварыг хяналтдаа байлгахад нэмэлт тун шаардлагатай бололтой байна. 



Улс орнуудыг "COVID-19"-ийн вакцинжуулалтын түвшнээр өнгөөр ялган үзүүлсэн байдал


COVID-19”-ийн вакцинууд халдварын муруйг бууруулна гэдгийг Израил улс хамгийн анх дэлхий дахинд харуулсан. Тус улс нь коронавирусний эсрэг вакцинжуулалт эхлэх үеэс дэлхийн улс орнуудыг тэргүүлж, хоёрдугаар сар гэхэд 70 болон түүнээс дээш насны хүн амынх нь 84 гаруй хувь вакцины хоёр тунд хамрагджээ. Ийнхүү халдварын тохиолдлууд эрс буурсан бөгөөд түүнээс хойш олон арван улс оронд ижил үр дүн ажиглагдсан юм.


Харин коронавирусний хурдан халдварладаг “Дельта” гэх мэт шинэ хувилбарууд үүсэн гарч ирснээр энэхүү ахиц дэвшилд аюул тулгарч, халдварын үзүүлэлтүүд дахин нэмэгдэх болоод байна. Тухайлбал, Израилд өвчлөл дахин нэмэгдсэн ч нэмэлт тунг тарьснаар хяналтад аваад байна. Вакцинд хамрагдаагүй хүмүүст урьд урьдынхаас илүү эрсдэл нүүрлээд буйг АНУ-ын эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд “вакцинд хамрагдаагүйгээс үүдэлтэй цар тахал” гэж нэрлэх болжээ.


Одоогоор хэрэглэж буй вакцинуудыг хийлгэснээр “Дельта” хувилбараар халдварласан тохиолдолд хөнгөн өвчлөх магадлалтай байгаа ч халдвар авсан хүмүүс бусдад дамжуулах эрсдэлтэй гэдгийг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байна. Гэхдээ вакцинууд халдвар хүндрэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, цаашлаад нас барахаас үр дүнтэйгээр хамгаалж байгаа хэвээр байна.


Дэлхийн хэмжээнд өдөрт 37 073 853 тун вакцин тарьж, 17 660 183 хүн вакцины эхний тунд хамрагдаж буй одоогоор хурдаар тооцоолбол нийт хүн амын 75 хувийг вакцинжуулахад дахин гурван сарын хугацаа шаардагдах төлөвтэй байна. 
Одоогийн байдлаар, 38 газар нутаг хүн амынхаа дор хаяж 75 хувийг “COVID-19”-ийн вакцины хамгийн багадаа нэг тунд хамруулаад байгаа ажээ. 



Холбоотой мэдээ