Ирэх онд усалгаатай талбайг 8 мянган га-гаар нэмэх боломж бүрдүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас ирэх онд газар тариалангийн усжуулах талбайг 8 мянган га-гаар нэмэх боломж бүрдүүлнэ.
Засгийн газраас усалгаатай газар тариалан хөгжүүлэх
хөтөлбөрийн хүрээнд энэ жил Азийн хөгжлийн
банкны 46.2 сая ам.долларын
санхүүжилтээр дээрх талбайг усжуулах
сонгон шалгаруулалтыг зарлаж
дуусжээ. Энэ нь Говь-Алтай аймгийн Тайшир, Халиун, Ховд аймгийн Эрдэнэбүрэн,
Алтай сум, Баян-Өлгий аймгийн Сагсай, Баяннуур, Завхан аймгийн Тэлмэн,
Улиастай, Сэлэнгэ аймгийн Сант, Төв аймгийн Батсүмбэр, Хэнтий аймгийн Хэрлэн
суманд хуучин усжуулалтын талбайг сэргээн, шинээр хийх ажлын сонгон шалгаруулалт юм.
Нийт 12 услалтын системийг шинэчлэн сайжруулснаар эрчимжсэн газар тариаланг хөгжүүлэх боломж бүрдүүлж, 240 га талбайг услах усны хэмнэлтийг бий болгоно. Мөн услалтын системийн дэд бүтцийн засвар хийх боловсон хүчнийг чадавхжуулах талаар тус яамнаас мэдээллээ.
Төсөлд нийт мянга гаруй өрхийг хамруулснаар гурван мянга гаруй хүн төслийн үр дүнг хүртэх судалгаа байгаа аж.