Японд бэлтгэгдэж буй чөлөөт бөхийн эгч, дүүс эх орондоо ирж хүч сорив

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-12-01 14:37:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японд төрж, өссөн Б.Хулан, Б.Халиун нар чөлөөт бөхийн олимп, дэлхийн олон аваргыг төрүүлсэн алдарт “Шигакүкан” ахлах сургуульд сурч байгаа юм.


Тэд энэ жил аав Д.Бямбасүрэнгийн хамт арлын орноос эх орондоо ирж чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын УАШТ-д ирж оролцсон билээ.


Эгч Б.Хулан нь 2018, 2019 онд бүх Японы өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд дараалан түрүүлж байсан бөгөөд энэ сард болсон ӨУАШТ-ээс алт, мөн ЗУАШТ-д хүрэл медаль хүртсэн бол дүү Б.Халиун нь ӨУАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн юм. Эгч нь 2019 онд Хэнтийд болсон өсвөр үеийн Улсын аваргаар анх ирж барилдаад алтан медальтай буцаж байсан бол 2 жилийн дараа ийнхүү 2 дахь түрүүгээ авсан.


“Шигакүкан” ахлах сургууль нь Японы домогт бөх Саори Ёшидагийн төрсөн ах Хидёотоши Ёшидагийн удирддаг “Ичиши” клубээс чөлөөт бөхийн сууриа тавьсан бөгөөд Японы эмэгтэйчүүдийн шигшээ багийн тэн хагасыг бүрдүүлдэг юм байна.


Монгол эгч дүүсийг С.Ёшида, К.Ичо, Х.Обара, Э.Тосака, Ч.Ичо зэрэг алдар цуутай бөхчүүдийг "Хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд" хүргэсэн, домогт дасгалжуулагч Казүхито Сакай удирдан бэлтгэл сургуулилтыг нь хийлгэдэг.



Охидын аав хэлэхдээ: “Том охин Б.Хулангаа ирэх жилийн насанд хүрэгчдийн УАШТ-д авчирч оролцуулна” гэжээ.


Эмэгтэй чөлөөт бөхөөр дэлхийд ноёрхож буй япон школоор /арга барил/ бэлтгэгдэж, хүмүүжиж буй монгол охид удахгүй дэлхийд танигдах биз ээ.

Холбоотой мэдээ