"Өвлийн идэш” худалдаагаар борлуулж буй бүх мах, махан бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-12-01 13:47:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж буй “Өвлийн идэш” үзэсгэлэн худалдаагаар гарал үүслийн бичигтэй мах, махан бүтээгдэхүүнийг борлуулж байна.


ХХААХҮЯ, НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, аймгийн Засаг дарга болон ХХААГ хамтран нийслэлийн хүн амын өвлийн хэрэгцээнд зориулан үзэсгэлэн худалдааг зохион байгуулахдаа худалдаж буй бүх бүтээгдэхүүнд гарал үүслийн бичиг олгож, лабораторийн шинжилгээ хийжээ. Иргэд ч “Мал эмнэлгийн гэрчилгээ” гар утасны аппликэйшн ашиглан худалдан авах гэж буй бүтээгдэхүүнийхээ гарал үүслийг шалгах, шаардлагатай тохиолдолд лабораторид шинжлүүлэх боломжтой аж.


Баянзүрх дүүргийн Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч Л.Энхцэцэг, “Нийслэлийн Мал эмнэлгийн газрын улсын байцаагч нар махны гарал үүслийг шалган, тодорхойлж байгаа. Иргэд өөрсдөө ч гарал үүслийг нь шалгах боломжтой. Тухайлбал, Завхан аймгаас ирсэн махыг гарал үүслийн гэрчилгээний дугаараар нь аппликэйшнд оруулж шалгахад “Завхан хүнс групп” ХХК-д үйлдвэрийн аргаар бэлтгэн, аймгийн лабораторид шинжлүүлсэн байх жишээтэй. Товчоодоор гарал үүслийн гэрчилгээгүй мах нэвтрэх боломжгүй” хэмээв.


“Мал эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн ард эрүүл” уриатай зохион байгуулж буй худалдаанд оролцож байгаа худалдаачид болон тэдний зарж буй бүтээгдэхүүнийг цахим системд бүртгэжээ. Мөн мал эмнэлгийн улсын байцаагч нар 9.00-17.00  цагт хоёр ээлжээр хяналт тавьж байгаа аж.


“Өвлийн идэш” худалдаа 12 дугаар сарын 20 хүртэл үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ