Үнэ буурсан ч нефтийн нөөцөө гаргах шийдвэрээ өөрчлөхгүй

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2021-11-30 13:37:14

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын засаг захиргаа коронавирусний шинэ хувилбарын тархалтаас үүдэлтэй үнэ нь буурсан хэдий ч стратегийн нөөцөөс нефть гаргах шийдвэрээ одоогоор эргэж харахгүй гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгджээ.  


"Бид шийдвэрээ эргэж харахгүй" гэж тэрбээр холбогдох асуултад хариулахдаа хэлсэн байна. 


Түүнээс мөн Хятад улс нефтийн нөөцийн талаар ямар бодлого баримтлах талаар тодорхой ойлголтгүй байгаад Вашингтон санаа зовж байгаа эсэх талаар тодруулга хийхийг хүссэн байна. "Бид дэлхийн аль ч улс орон, тэр дундаа Хятад улсад улс төрийн үйл ажиллагааныхаа талаар аль болох ил тод байхыг үргэлж уриалдаг. Гэхдээ бидний зүгээс ямар нэгэн байдлаар санаа зовсон талаар надад нэмж хэлэх зүйл алга" гэж Псаки хариулжээ.


Өнгөрсөн долоо хоногт Африкийн өмнөд хэсгийн хэд хэдэн оронд коронавирусний шинэ хувилбар илэрч, уг хувилбарын анхны тохиолдлууд Европын орнуудад бүртгэгдсэн тухай мэдээтэй холбоотойгоор нефтийн үнэ огцом унасан юм.


Хэрэглэгчдэд шатахууны үнийг бууруулах, дэлхийн зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор стратегийн нөөцөөсөө 50 сая торх нефть гаргахаар болсноо АНУ-ын засаг захиргаа 11 дүгээр сарын 23-нд мэдэгдсэн билээ. Их Британи, Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос, Япон зэрэг бусад хэд хэдэн улс ийм алхам хийнэ гэж Цагаан ордон онцолжээ.


Холбоотой мэдээ