Монгол, Оросын Засгийн газар хоорондын Комиссын 23 дугаар хуралдаан боллоо

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2021-11-26 19:55:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын Комиссын 23 дугаар хуралдаан өнөөдөр болов.

Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлогтой энэ удаагийн хурлаар хоёр улсын харилцааны өргөн хүрээний асуудлыг хэлэлцэж, тохиролцоонд хүрлээ.




Тухайлбал, "Ковид-19" цар тахлын улмаас өнгөрсөн онд буурсан худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тэр дундаа манай улсын зүгээс ХАА-н гаралтай бараа бүтээгдэхүүний экспортын нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх талаар хэлэлцэв. Түүнчлэн:

  • "УБТЗ” ХНН-ийн үйл ажиллагааг эрчимжүүлж, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх,
  • Монгол, Оросын хилийн боомтуудыг тохижуулах,
  • манай улсын эрчим хүчний обьектуудыг шинэчлэх,
  • чөлөөт бүс, хийн хоолойн төсөл зэрэг томоохон төслүүдийн талаар зарчмын байр сууриа нэгтгэлээ.




Ирэх сарын 1-нээс агаарын замын харилцаа сэргэж байгаа учраас талуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжиж, ирэх 100 жилд илүү өргөн хүрээнд харилцан ашигтай хамтран ажиллахаа Монгол, Оросын Засгийн газар хоорондын Комиссын Оросын хэсгийн дарга, хатагтай В.В.Абрамченко энэ үеэр онцолж байв.

Монгол, Оросын Засгийн газар хоорондын Комиссын 23 дугаар хуралдаанаар байгуулсан Протоколд тусгасан ажлыг хэрэгжүүлэхэд хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй хамтран ажиллахад Монголын хэсгийн даргын хувьд хяналт тавих болно гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээлэв. 





Холбоотой мэдээ