Тамирчид мөнгөн тэтгэлэгт хэрхэн хамрагддаг талаар танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-11-25 08:06:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ноос Olympic solidarity буюу Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд олон төсөл /olympics.com/ioc/olympic-solidarity/ хэрэгжүүлдэг.


Үүний нэг нь олимпод бэлтгэгдэж буй тамирчдад олгодог тэтгэлэг юм. Энэ хөтөлбөр манай улсад хэрэгжээд 20 орчим жилийг үджээ.


Харин сүүлийн үед МҮОХ хөтөлбөрийн хүрээнд орж ирдэг санхүүжилтийг хяналтгүй зарцуулдаг, тамирчдад олгодоггүй гэх утгатай мэдээллийг зориуд тараах болсон тул уг санхүүжилтийг хэрхэн олгодог, хяналт тавьдаг, тамирчдад хэрхэн хүрдэг талаар мэдээллийг МҮОХ-ноос танилцуулж байна.


ОУОХ-нд бүртгэлтэй 206 орны олимпын төрлийн ганцаарчилсан спортоор хичээллэж буй, олимпын эрх авах чадвартай нь олон улсад гаргасан амжилтаар баталгаажсан, спортын ёс зүй, допингийн зөрчилгүй тамирчин бүр энэхүү тэтгэлэгт хамрагдах боломжтой. Ямар тамирчныг тэтгэлэгт хамруулахыг тухайн спорт холбоод дотооддоо шийддэг.


Тэтгэлгийн хэмжээ олимпын мөчлөг бүрт харилцан адилгүй бөгөөд “Токио-2020” олимпын тухайд тамирчид сар бүр 415 ам.доллар авч байв. Харин “Бээжин-2022” олимпын тэтгэлгийн хүрээнд нэг тамирчин сар бүр 750 ам.доллар авч байна. Тэтгэлгийг ОУОХ-ны журмын дагуу дөрвөн сар тутам буюу жилд 3 удаа, хэвлэл мэдээллийнхнийг байлцуулан олгодог билээ. Энэ талаарх мэдээллүүд, тамирчдын ярилцлага, сэтгэгдэл нь хэвлэл мэдээллийн сайтууд болон телевизийн камерт архив болон олон нийтэд нээлттэй хадгалагдан үлдсэн байна.  


“Токио-2020” олимпын мөчлөгт 17 тамирчин энэхүү хөтөлбөрт хамрагдсан бөгөөд дөрвөн жил хагасын хугацаанд нийт 323,679 /Гурван зуун хорин гурван мянга зургаан зуун далан ес/ ам.доллар буюу ойролцоогоор 919,248,000 /есөн зуун арван есөн сая хоёр зуун дөчин найман мянга/ төгрөгийг тамирчдад олгосон байна.


Тус хөтөлбөрт жүдо бөхийн төрлөөр Д.Сумъяа, Г.Одбаяр, Л.Отгонбаатар, Ё.Басхүү, буудлагын төрөлд О.Гүндэгмаа, Э.Даваахүү, Ц.Анударь, боксын төрөлд Б.Чинзориг, М.Намуун, чөлөөт бөхийн төрөлд Э.Бэхбаяр, Т.Тулга, А.Батцэцэг, С.Цэрэнчимэд, таеквондогийн төрөлд П.Тэмүүжин, хөнгөн атлетикийн төрөлд Д.Гантулга, байт харвааны төрөлд Ж.Гантөгс, хүндийг өргөлтийн төрөлд М.Анхцэцэг нар хамрагдсан билээ.

“Бээжин-2022” олимпын тэтгэлэгт хөтөлбөр 2019 оноос хойш үргэлжилж байгаа бөгөөд 2022 оны хоёрдугаар сард дуусна. Тэтгэлэгт хөтөлбөрт цанын ОУХМ Б.Ачбадрах, Д.Мөнхгэрэл, А.Энхтуул, тэшүүрийн ОУХМ А.Зул нар хамрагдаж байгаа бөгөөд нэг тамирчин сарын 750, дөрвөн сар тутам 3000 ам.долларын тэтгэлэг авч байна. Хамгийн сүүлд 2021 оны 11 дүгээр сарын 9-нд Бээжингийн өвлийн олимпод бэлтгэгдэж буй тамирчдын тэтгэлгийн мөнгийг хэвлэл мэдээллийнхнийг байлцуулан хүлээлгэн өгсөн билээ.


МҮОХ-ны тухайд энэхүү санхүүжилтээс нэг ч төгрөг авдаггүй бөгөөд зөвхөн зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг. Мөн зарцуулалтын тайлангаа ОУОХ руу тухай бүрт нь илгээснээр дараагийн санхүүжилт орж ирнэ. Бүх санхүүгийн баримт мэдээллийг жил бүр Хянан шалгах зөвлөл, хөндлөнгийн аудитаар шалгуулж Гишүүдийн хуралд тайлагнадаг. 2000 оноос хойших бүх хөтөлбөрүүд болон Токиогийн олимпын тэтгэлэгт Үндэсний аудитын газраас давхар шалгалт хийж, ямар нэг зөрчил байхгүйг тогтоогоод байна.


ОУОХ-ноос хэрэгжүүлдэг энэхүү хөтөлбөр олимпод бэлтгэгдэж буй тамирчид, дасгалжуулагч, спорт холбоонд бага ч атугай дэмжлэг болж, амжилт гаргахад тодорхой нөлөө үзүүлсээр ирсэн билээ.


Харин хөтөлбөрийн талаар гүтгэлгийн чанартай худал мэдээллийг гадаад, дотоодод түгээх нь цаашид энэхүү хөтөлбөр зогсох ч эрсдэлд оруулж болзошгүй юм.


"МҮОХ-ны нэр хүндэд халдсан, хийж буй ажлыг нь мушгин гуйвуулж, бусдад буруу ойлголт өгөх гүтгэлэг бүхий мэдээллийг дотооддоо болон олон улсад санаатайгаар удаа дараа тарааж буй гишүүдийг МҮОХ-ны Ёс зүйн комиссоор оруулан хариуцлага тооцох, улмаар хууль хяналтын байгууллагад хандан шалгуулж, нэр төрөө сэргээлгэх болохоо үүгээр мэдэгдье" гэлээ.











Холбоотой мэдээ