Дугуйтай аялагчид 1700км замыг туулан Өмнөговь аймагт иржээ

ОРОН НУТАГТ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-11-24 20:16:13

Өмнөговь /МОНЦАМЭ/ "Эрүүл хүн эрүүл хүнс" гэсэн уриатай дугуйтай аялагчид 1700км замыг туулан Өмнөговь аймагт ирлээ. 

Ховд аймгийн Цамбагарав уулаас гараагаа эхлүүлсэн аялагчид Г.Эрдэнэбаяр, Д.Даваажаргал нар юм. Тэд 33 хоногийн турш 1700км замыг зөвхөн дугуйгаар аялж, Өмнөговь аймгийн төв Даланзадгадад ирсэн бөгөөд энэ сарын 24-ний өдөр тус аймгийн Цогтцэций сум руу хөдөллөө. Дугуйгаар аялагч  Г.Эрдэнэбаяр "Аялах хугацаанд сонирхолтой зүйлүүд тохиолдож л явна. 1700км замыг хоёулаа туулахдаа зорилготой амьдрал залуу хүмүүст ямар их хэрэгтэй, хүн эрүүл байх ямар их хэрэгтэйг ойлгож ухаарч явна" гэлээ. Аялагч Д.Даваажаргал "Цар тахлын үед маш их бухимдсан. Үүнээсээ салахын тулд дугуйн аялалд гарсан. Бидний аяллын гол зорилго эрүүл хүн, эрүүл хүнс. Энэ нь өвддөггүй хүнийг эрүүл гэхгүй, бие махбодоос гадна оюун санаа нь хүртэл эрүүл байх хэрэгтэйг иргэддээ уриалж байна. Мөн эрүүл хүнс нь Монгол газрын хөрсөнд тарьж ургуулсан хүнс юм. Бид замаараа олон хөдөлмөрч хүмүүстэй уулзлаа. Бахархалтай санагдаж байна" гэлээ. Тэд Дорнод аймгийн Халх гол сумын Буйр нуурт хүрч уг аяллаа дуусгах аж. 

Холбоотой мэдээ