Дэд сайд Б.Баярмагнай БХЭШХ-д ажиллалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-11-24 14:44:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ойн өдрийг тохиолдуулан Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг Батлан Хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллалаа.


Энэ хүрээнд тус хүрээлэнгийн Аюулгүй байдал, батлан хамгаалах судлал, Цэргийн урлаг судлал, Байлдааны зэвсэглэл, техник, технологи судлал, инновац, Батлан хамгаалахын дүн шинжилгээ, Цэргийн түүх судлалын төвүүдийн үйл ажиллагаа болон шинээр зохион бүтээгдсэн шинжлэх ухаан, инновацын бүтээлүүдтэй танилцаж тодорхой үүрэг чиглэлийг өглөө.




Мөн үеэр тус хүрээлэнгийн захирал, хурандаа Б.Эрдэнэбат хэлэхдээ, "Манай салбарын өмнө нь хэрэгжүүлж байсан шинжлэх ухааны болон шинэчлэлтэй холбоотой “Цэргийн шинэчлэлийн бодлого”, “Цэргийн байгуулалтыг 2005 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр” гэх мэт бодлого, хөтөлбөрүүдэд голцуу тунхаглалын шинж чанартай зүйл заалтууд ихээр тусгагдаж, тэдгээрийг үр дүнд хүргэх бодит механизм, тогтолцоо нь байхгүйгээс “нүдэнд үзэгдэж, гарт баригдах хэрэгжилт”-гүйгээр он цагийг үдэж байжээ. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 2020 оноос “Хандлагаа өөрчилье, хариуцлагаа өндөржүүлье” уриатай ажиллаж байна. Энэ нь инновац, шинэ  технологитой холбоотой санаачилгуудын хувьд шинжлэх ухаанчаар судалгаа шинжилгээтэй холбон хөгжүүлэлт хийх, техникийн шаардлагыг бүрэн хангасан дэвшилтэт бүтээлүүдээ Зэвсэгт хүчний зэвсэглэлд нийлүүлэхийг хэлж байгаа юм. 

Өнгөрсөн хоёр жилд бүтээгдсэн зэвсэглэлд нийлүүлэх боломжтой техник, тоног төхөөрөмжүүдийн тоо өмнөх үетэй харьцуулахад даруй тав дахин ихэссэн. Энэ нь урьд цаасан дээр “Тунхаглалын чанартай” хэрэгжихгүй өнгөрдөг байсан зүйл, заалтууд одоо бодит үр дүнтэй ажил хэрэг болох “Хандлага, тогтолцоо” бий болж байгаагийн нэг илрэл юм. Манай Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн Батлан хамгаалахын сайдын тавьж байгаа шаардлагын дагуу салбарын өмнө тавигдсан зорилго, зорилтуудыг заасан хугацаанд нь бодитой хэрэгжүүлэх тогтолцоог бий болгохын төлөө л ажиллаж байна.


Мөн бид үйл ажиллагаагаа зөвхөн БХЯ, ЗХЖШ-ын удирдлагад шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үеэ олсон, санал, зөвлөмжөөр дэмжлэг үзүүлээд зогсох бус салбарын удирдлагын баримт бичгийн хугацаа заагдсан зүйл, заалтууд, ҮАБЗ, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн бодлого, хөтөлбөрүүд хэрэгжих тэрхүү тогтолцоог шинжлэх ухааны үндэслэлтэй бүрдүүлэхэд чиглүүлж байна” гэлээ.

Холбоотой мэдээ