Эрдэмтэд сахрыг хиймэл нефть болгон хувиргахын тулд бактерийг засварлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2021-11-23 14:16:26

ВАШИНГТОН. /TASS/. Америкийн биохимичид төрөл бүрийн сахрыг түүхий эд болгон ашиглан био түлш “үйлдвэрлэдэг” гэдэсний савханцрын омог /штамм/ гарган авчээ. Эрдэмтдийн судалгааны талаарх нийтлэл шинжлэх ухааны “Nature Chemistry» сэтгүүлд нийтлэгдсэн байна.


"Бид амьд ба амьгүй катализаторыг ашиглан глюкозыг шууд ханаагүй нүүрс устөрөгч болгон хувиргах биохимийн хоёр үе шаттай процессыг бий болгосон. Ийм аргаар био түлш үйлдвэрлэх нь хүн төрөлхтнийг бүрэн "ногоон эрчим хүч" гаргаж авахад ойртуулна" гэж судалгааны багийн гишүүдийн нэг, Буффалогийн Их сургуулийн багш Ван Жэнь ярилаа.


Сүүлийн хэдэн арван жилд эрдэмтэд ургамлын биомассыг түлш болгон хувиргах хэд хэдэн аргыг боловсруулжээ. Ийм төрлийн түлшийг ашиглах боломжтой боловч үйлдвэрлэхэд нэлээд үнэтэй, бас эрчим хүчний хүчин чадлын хувьд бензинийг гүйцдэггүй ажээ.


Харин Ван Жэнь болон түүний хамтран зүтгэгчид энэ асуудлыг ургамлын гаралтай материал, тэдгээрт агуулагдах сахрыг найрлага, шинж чанараараа бензин, дизель түлш болон нефтийн бусад бүтээгдэхүүнтэй ижил төстэй ханаагүй нүүрс устөрөгчийн холимог болгон хувиргах чадвартай бактери ашиглан шийдэхийг зорьжээ.


Үүний тулд эрдэмтэд глюкоз болон бусад сахрыг аажмаар өөх тосны хүчил болгон хувиргадаг ферментийг үйлдвэрлэх "зааварчилгаа" бүхий дөрвөн генийг гэдэсний энгийн савханцрын геномд суулгажээ. Мэргэжилтнүүд эдгээр уургийг өөхний нийлэгжилттэй холбоотой бусад бүх эсийн системийн ажилд саад учруулахгүй байхаар сонгосон байна.


Эдгээр бүх ферментийг шүдний суурь эд буюу пародонтитыг үүсгэдэг “Treponema denticola” гэх мэт бактериудын геномоос “зээлж авчээ”. Биохимичид эдгээр уургийг өөр хоорондоо зохицон ажилладаг байхаар тохируулан, дараа нь тэдгээрийг суулгасан гэдэсний савханцар нь сахрыг бензин болон нефтийн бусад бүтээгдэхүүний хувилбар болгон хувиргаж чадах эсэхийг шалгах туршилт явуулсан байна. 


Ингэхэд өөх тосны хүчлийг ханаагүй нүүрс устөрөгч болгон хувиргадаг ниоби оксид дээр суурилсан катализатор шаардлагатайг туршилтууд харуулжээ. Энэ катализатор нь микробтой хослуулснаар глюкозын анхны массын 8 орчим хувийг био түлш болгон хувиргаж чаддаг байна.


Ван Жэнь болон түүний хамтран зүтгэгчдийн үзэж байгаагаар, бактерийн фермент болон органик бус катализаторын илүү сайн хослолыг сонговол энэ үзүүлэлт мэдэгдэхүйц нэмэгдэх боломжтой гэнэ. Гэхдээ эрдэмтэд өөрсдийнх нь гаргаж авсан арга ч гэсэн “бактерийн гаралтай бензин” болон нефтийн бусад бүтээгдэхүүний био хувилбарыг их хэмжээгээр үйлдвэрлэхэд тус дөхөм болно гэж үзэж байна.

Холбоотой мэдээ