Ахлах ангийн сурагчид Монголын уламжлалт тоглоом наадгайгаар өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-11-22 17:41:31

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр, “Засагт ханы хүүхдүүд”, “Алтайн-Залуус” үйл ажиллагааны зорилтыг хангах, хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн төвийн Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдийн дунд Монголын уламжлалт тоглоом наадгай, танин мэдэхүйн асуулт хариултын “Өвлөн наадъя” тэмцээнийг 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа.


Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, Монголын уламжлалт тоглоом наадгайг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх сурталчлан таниулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү тэмцээнд Ерөнхий боловсролын I, II, III, IV, “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургууль, АШУҮИС-ийн харьяа аймаг дахь анагаах ухааны сургуулийн Лицей ахлах сургуулийн тус бүр 5 гишүүний бүрэлдэхүүнтэй 6 баг өрсөлдөж дүнгээ гаргажээ.

Уламжлалт тоглоом наадгайн асуулт хариулт, шагай шүүрэх, үндэсний бичгээр унших, бичих, морь уралдуулах, үндэсний сур харваа, сур сүлжих төрлүүдээр зохион байгуулсан энэхүү тэмцээнийг аймгийн ГБХЗХГ-ын Захиргаа, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Амгалан, Үндэсний сурын спортын мастер, аймгийн мэргэн Н.Пүрэвжал, Соёлын хэлтсийн соёлын боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Элбэзаяа нар шүүн тунгаасан юм.

Уралдааны дүн гарахад “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургуулийн баг тэргүүн байрт, удаах байрт Их зураач Б.Шаравын нэрэмжит Гуравдугаар сургуулийн баг шалгарч, “Өвлөн наадъя-2021, батламж, мөнгөн шагнал хүртсэн бол тэмцээнд амжилттай оролцсон бусад сургуулийг “Өвлөн наадъя-2021” батламж, дурсгалын зүйлээр шагнаж урамшууллаа хэмээн ГБХЗХГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ