Дарханы замын өргөтгөлийн ажлыг ирэх хавар хүртэл зогсоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-11-19 12:41:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамын өргөтгөл шинэчлэл энэ онд хийх ажлынхаа 80 хувийг гүйцэтгэснээр ирэх хавар хүртэл зогслоо. Тиймээс 2022 оны автозам тавих барилгын ажил эхэлтэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хуучин үндсэн трасс болон шинээр тавьсан замын хэсгээр харилцан зорчуулахаар зохицуулж буйг ЗТХЯ-аас мэдээллээ.

Тус замын ажил бүрэн дуусаагүй байгаа тул нийт жолооч, зорчигчид хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, авто замын нөхцөл байдалд тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулав.


Дарханы замын АХБ-ны төслөөр хэрэгжүүлж буй 1, 3 болон 5 дугаар багцын 24 сарын ажлын гэрээ ирэх сарын 31-нд дуусна. Мөн ЕСБХБ-ны зээлээр хэрэгжүүлж буй ажил энэ оны 12 дугаар сарын 31-нд дуусгах гэрээтэй юм. 




Нэмж мэдээлэхэд Дархан-Улаанбаатарын чиглэлийн 204.11 км-ийн эхний 130 км замын хэсгийг буюу 3 болон 5 дугаар багцын замын хатуу хучилтыг бүрэн хийж, энэ оны 7 дугаар сарын 10-15-нд дуусган зорчих хөдөлгөөнийг нээсэн юм. Тус замын 1 дүгээр багцын замын хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 6-нд анх нээж байв. Замын 2 болон 4 дүгээр багцын ажил өмнөх гүйцэтгэгч БНХАУ-ын ААН, компани ажлаа орхисонтой холбоотойгоор хугацаа алдаж сунжирсан юм. Ингэснээр дээрх багцуудын замыг тавих ажил дээр ЗТХЯ тендер зарласан юм.

Энэ талаар ЗТХ-ийн сайд Л.Халтар хэлэхдээ, “Дарханы замын бүтээн байгуулалт дээр олон улсын 2 байгууллагын 2 өөр төслийн ажил хэрэгжиж буйг ойлгох хэрэгтэй. Эхнийх нь АХБ-ны төслөөр хэрэгжүүлж буй тус чиглэлийн замыг тавих 1, 3 болон 5 дугаар багцын ажил, мөн ЕСБХБ-ны зээлээр хэрэгжүүлж буй 4 эгнээ, олон улсын зэрэглэлийн автозам тавих гэрээ юм” гэдгийг тодотгож байв. 

Холбоотой мэдээ